Чили улсын Сантьяго хотноо зохион байгуулагдаж буй VALORANT Masters Santiago 2026 тэмцээний плей-оффын доод хүснэгтийн эхний тоглолтууд дуусаж, тэмцээнээ өндөрлүүлж буй багууд тодорч эхэллээ.
Gentle Mates (M8) багийн хувьд хэсгийн шатыг нэг ч хожигдолгүй, итгэл төгс давсан боловч шийдвэрлэх плей-оффын шатанд азгүйтэв. Тэд дээд хүснэгтийн шөвгийн наймд NS RedForce багт 0:2-оор хожигдсон бол доод хүснэгтийн эхний шатанд All Gamers багт 1:2-оор ялагдал хүлээснээр тэмцээнээ дуусгалаа.
Бразилын FURIA баг тэмцээнээ шууд плей-оффын шатнаас эхлүүлсэн ч дараалсан хоёр хожигдол авч, хөгжөөн дэмжигчдээ гонсойлгосон юм. Тэд эхлээд Paper Rex багт 1:2-оор, дараа нь BBL Esports багт мөн 1:2-ын харьцаатай хожигдсоноор тэмцээний талбайг чөлөөлөв.
Ийнхүү Gentle Mates болон FURIA багууд VALORANT Masters Santiago 2026 тэмцээний 7-8 дугаар байрыг хуваан эзэлж, тус бүр 35 мянган ам.долларын шагнал хүртлээ.
VALORANT Masters Santiago 2026 тэмцээн 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд нийт шагналын сан нь 1 сая ам.доллар юм.