Epic Games компани Fortnite-ийн алдартай “мэдээлэгчийг” шүүхэд өглөө: Тэрээр компанийн гэрээт ажилтан байжээ

by Саруул Батболд
0 comments

Epic Games компани “Fortnite” тоглоомын нийгэмлэгт AdiraFNInfo хуурамч нэрээрээ танигдсан Гейден Коеныг шүүхэд өгсөн байна. Тэрээр тоглоомын шинэ хамтын ажиллагааны (collaboration) тухай нууц мэдээллүүдийг олон нийтэд задруулж байжээ. Бусад инсайдерууд тоглоомын файл дотроос мэдээлэл хайж олдог бол Коен нь Epic Games-ийн гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа нууц хадгалах гэрээг (NDA) зөрчиж, дотоод мэдээллийг ашиглаж байсан нь тогтоогджээ.

Epic Games шүүхийн нэхэмжлэлдээ хохирлын тодорхой мөнгөн дүнг дурдаагүй ч Коены үйлдэл нь түнш байгууллагуудтай тогтоосон харилцаанд сэв суулгаж, тоглогчдын сонирхлыг бууруулан, компанийн ашиг орлогод сөргөөр нөлөөлсөн гэж мэдэгдэв. Мөн энэхүү хууль бус мэдээлэл задруулсан хэргийг мөрдөн шалгах, хариу арга хэмжээ авахад багагүй зардал гарсан байна.

AdiraFNInfo нэгдүгээр сарын эхээр гарч ирсэн бөгөөд “South Park” төслөөс эхлээд одоог хүртэл хэрэгжсэн арав орчим томоохон хамтын ажиллагааны мэдээллийг урьдчилан задруулжээ. Хоёрдугаар сарын сүүлчээр түүний Twitter болон Discord хаягууд гэнэт устгагдсан бөгөөд энэхүү шүүхийн нэхэмжлэл нь түүний хувь заяа хэрхсэн тухай анхны албан ёсны мэдээлэл болж байна.

Мэдээлэл хугацаанаасаа өмнө задарсны улмаас зарим түншлэлийн гэрээ цуцлагдахад хүрсэн нь компанид бодит хохирол учруулсан болохыг Epic Games онцолжээ. Гэсэн хэдий ч зарим томоохон франчайзууд ойрын саруудад “Fortnite” тоглоомонд албан ёсоор нэгдэх магадлалтай хэвээр байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй