Цахим спортын “Valve” компанийн зүгээс мэйжор тэмцээний урилгын журамд өөрчлөлт оруулснаар “BC.Game” багийн “PGL Major Singapore 2026” тэмцээнд өрсөлдөх боломж хумигдаж эхэллээ. Гэсэн хэдий ч тус багийн монгол тамирчин Азбаяр “Senzu” Мөнхболд энэхүү нөхцөл байдалд сэтгэлээр уналгүй, бэлтгэлээ шаргуу үргэлжлүүлэхээ мэдэгдэв.
Энэхүү шинэ дүрмийн дагуу багууд тив дураараа солих боломжгүй болсон бөгөөд өөр тивийн тамирчин бүрэлдэхүүндээ авсан тохиолдолд тухайн тивдээ шилжихийн тулд хамгийн багадаа гурван сарын хугацаа шаардагдахаар болжээ. Аравдугаар сард Европын бүсээс гарсан “BC.Game” багийн хувьд заасан 3 сарын шаардлага нь ирэх мэйжор тэмцээнээс урьтаж гүйцэхгүй болж байгаа юм.
“Senzu”-гийн байр суурь
Үүссэн нөхцөл байдлын талаар “Senzu” буюу А.Мөнхболд “Ха ха. Сонирхолтой болж байна шүү. Итгэл найдвараа бүү алдаарай. Бид өдөр ирэх тусам сайжирч байгаа. Боломжгүй зүйл гэж байхгүй. Бид өдөр бүр шаргуу ажиллах болно. Зорилгодоо хүртлээ бэлтгэлээ хийсээр байх болно. Дараагийн тэмцээнд уулзья” хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.
Тус баг журамтай холбоотой асуудлыг сөрөн бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ сарын 12-нд эхлэх “Stake Pulse Beat III” тэмцээнд өрсөлдөхөөр зэхэж байна. “BC.Game” баг тус тэмцээний D хэсэгт хуваарилагдсан бөгөөд MIBR, Heroic болон Envy гэсэн багуудтай нэг хэсэгт таарчээ.