Цахим спортын Counter-Strike 2 төрлийн олон улсын “BC.Game” клуб бүрэлдэхүүний шинэчлэлээ албан ёсоор дуусгалаа. Тус баг “The MongolZ”-ийн Аюуш “mzinho” Батболдыг эгнээндээ нэгтгэснээр дэлхийн хэмжээний “супер” бүрэлдэхүүнээ бүрэн бүрдүүлж дууссан байна. Шинэ тоглогчдын ур чадварт түшиглэн 2026 оны эцэс гэхэд дэлхийн чансааны эхний 5 байрт бичигдэх нь тус багийн гол зорилго ажээ.
Ододын бүрэлдэхүүн ба ирэх сарын тэмцээн
BC.Game клуб өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд Азбаяр “Senzu” Мөнхболдыг худалдан авснаа зарласан бол үргэлжлүүлэн Данийн домогт тоглогч Эмиль “Magisk” Рейфийг багийн ахлагчаар томилсон юм. Тэгвэл mzinho нэгдсэнээр тус баг дэлхийн CS2-ын ертөнцийг шуугиулсан дараах бүрэлдэхүүнтэй боллоо.
- Эмиль “Magisk” Рейф (Багийн ахлагч)
- Денис “electroNic” Шарипов
- Александр “s1mple” Костылев
- Азбаяр “Senzu” Мөнхболд
- Аюуш “mzinho” Батболд
- Виктор “TaZ” Войтас (Дасгалжуулагч)
Шинэ баг ирэх долоодугаар сарын сүүлээр Финланд улсад зохион байгуулагдах “Elisa Esports BreakOut Series 1” тэмцээнд анхны сорилтоо хийж, албан ёсны тоглолтоо эхлүүлэхээр бэлтгэж байна.
“S1mple болон Senzu нар намайг урьсан”
Шинэ багтаа нэгдсэн Аюуш “mzinho” Батболд сэтгэгдлээ хуваалцахдаа, “Александр “s1mple” Костылев бол бүх цаг үеийн хамгийн агуу тоглогч. Хэзээ нэгэн цагт түүнтэй нэг багт мөр зэрэгцэн тоглоно гэж бодож ч байсангүй. Намайг энэ багт ирэх шийдвэр гаргахад Senzu, S1mple хоёр маань голлон нөлөөлсөн” хэмээн онцолжээ. Дэлхийн хамгийн шилдэг тамирчид нэг дор цугласан уг баг цахим спортын тавцанд маш хүчирхэг өрсөлдөгч болж гарч ирлээ.