Хятадын шүүхүүд тоглоомын хаягийг өвлөх эрхийг зөвшөөрөв

by Саруул Батболд
0 comments

Хятадад шүүхүүд тоглоомын хаяг болон дижитал хөрөнгийг өвлөгдөх эд хөрөнгө хэмээн хүлээн зөвшөөрч эхэлжээ. Reddit сүлжээний хэрэглэгч u/Slawrfp-ийн мэдээлснээр, хэд хэдэн гэр бүл нас барсан төрөл төрөгсдийнхөө тоглоомын хаягийг өвлөн авах эрхийн төлөөх шүүх хуралд аль хэдийн ялалт байгуулсан байна.

Хятадын шүүхүүд тоглоомын хаяг болон тоглоом доторх худалдан авалтуудыг мөнгөн дүнгээр үнэлэгдэх хөрөнгө гэж үзэж байна. Энэ нь тухайн платформ эсвэл тоглоомын хэрэглэгчийн гэрээнд хязгаарлалт заасан байсан ч хэрэглэгчид ийм төрлийн хөрөнгийг өвлүүлэн үлдээх эрхтэй гэсэн үг юм.

“Алтан илд”-ний хэрэг болон анхны түүхэн шийдвэрүүд

Энэ төрлийн анхны тохиолдлуудын нэг нь 2009 оны “Алтан илд” (Golden Blade) хэмээх хэрэг юм. Тоглогч Лу нас барсны дараа түүния эхнэр Ли Лань тоглоомын ховор зэвсгийг зарахыг оролджээ. Шүүхээс уг зүйлийг зах зээлийн үнэлгээтэй тул өвлөх боломжтой гэж үзсэн байна. Гэхдээ уг ховор зэвсгийг авахад өөр нэг тоглогч оролцсон байсан тул борлуулалтын ашгийг талуудын хооронд хуваажээ.

Дараа нь буюу 2024 онд гарсан нэгэн хэрэгт шүүх Биткойн, ойролцоогоор 30,000 ам.долларын үнэтэй тоглоомын хаяг, тэр байтугай нийгмийн сүлжээний хаягуудын арилжааны эрхийг өвлөж авч болох хөрөнгө хэмээн хүлээн зөвшөөрчээ. Шүүх эдгээр активыг үнэ цэнтэй, бусдад шилжүүлэх боломжтой бөгөөд орлого авчрах чадвартай тул өмчлөх эрхийн шалгуурыг бүрэн хангаж байна гэж шийдвэрлэсэн байна.

Харин хувийн мэдээлэл, тухайлбал захидал харилцааг өвлөгчдөд шилжүүлэхгүй бөгөөд тухайн платформын хяналтад үлдэх аж.

Мөн өөр нэгэн хэрэгт шүүхээс тоглоомын компанийг нас барсан хүүгийнх нь хаягт нэвтрэх эрхийг эхэд нь олгохыг үүрэг болгож, тэдгээрийг бодит виртуал өмч гэж үзсэн байна.

Энэхүү шийдвэрүүд нь тоглоомыг өмч биш, харин ихэвчлэн лиценз гэж үзэн өвлүүлэхийг зөвшөөрдөггүй АНУ болон Европын орнуудын жишгээс ихээхэн ялгаатай юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй