Gran Turismo 7 физик, жолоодлогыг томоор өөрчилсөн шинэчлэлт авлаа

0 comments

Polyphony Digital Gran Turismo 7 тоглоомын 8-р сарын томоохон шинэчлэлтийг гаргалаа. Patch 1.71 нь дөрвөн шинэ автомашин, нэмэлт уралдаан, шинэ маршрут нэмэхээс гадна тоглоомын физик загвар, дугуйн зан авир, түдгэлзүүлэлт, хөдөлгүүрийн удирдлага болон жолооны хүрдний force feedback системийг мэдэгдэхүйц өөрчилсөн байна.

Gran Turismo 7-ийн patch 1.71-д Caterham Seven Superlight R500 ’08, Hyundai IONIQ 6 N ’25, Toyota Chaser Tourer V ’97, Toyota Mark II Tourer V ’97 гэсэн дөрвөн автомашин нэмэгджээ. Мөн World Circuits хэсэгт гурван шинэ тэмцээн, Circuit Experience-д зориулсан Circuit de Barcelona-Catalunya Rallycross Layout шинэ маршрут орсон байна.

Физик загвар, дугуй, түдгэлзүүлэлт шинэчлэгдэв

Хөгжүүлэгчид энэ удаагийн шинэчлэлтээр тоглоомын физикт онцгой анхаарчээ. Дугуйн алгоритм, тэр дундаа гулсах, халах, элэгдэх үеийн зан авирыг шинэчилсэн байна.

Мөн хөдөлгүүрийн эргэлтийн хүчний удирдлага, drift хийх үеийн throttle response, хэсэгчилсэн газ дээрх машины зан авирыг дахин боловсруулжээ. Үүнээс гадна жолоодлогын геометр болон амортизаторын ажиллагааг оновчилсон байна.

Автомашинуудын балансад ч томоохон өөрчлөлт оржээ. Performance Points, зарим машины үзүүлэлт, хөдөлгүүрийн дээд эргэлт, араа шилжилт, түлшний зарцуулалт болон бусад олон параметрийг зассан байна. Мөн Traction Control болон ABS туслах системүүд шинэчлэгдсэн аж.

Удирдлага, гэмтлийн системд өөрчлөлт орлоо

Контроллер болон уралдааны жолооны хүрд ашигладаг тоглогчид ч шинэчлэлт мэдрэхээр байна. Утасгүй контроллер дээр аналог stick, D-pad, gas болон brake удирдлагыг тохируулжээ.

Жолооны хүрдний хувьд Force Feedback-ийн хүч, үрэлт, understeer үед мэдрэгдэх чичиргээ, gas болон brake-ийн шинж чанарыг өөрчилсөн байна. Fanatec төхөөрөмжүүд тусгай оновчлол авсан бөгөөд GT DD Pro нь firmware шинэчлэлтийн дараа FullForce эффектүүдийг дэмжих юм.

Механик гэмтлийн систем ч мөн шинэчлэгдсэн. Одоо гэмтэл авахад шаардагдах мөргөлдөөний хүч болон гэмтэл жолоодлогод хэрхэн нөлөөлөхийг өөрчилжээ. Мөн Championship нэртэй шинэ горим нэмэгдсэн бөгөөд энэ горимд бага хэмжээний мөргөлдөөнөөс ч гэмтэл үүсэж, засварлагдах хугацаа гэмтлийн хүндээс хамаарна.

Бусад өөрчлөлтийн дунд PS5 Pro дээр PSSR-ийн хамгийн шинэ хувилбарыг автоматаар ашиглах, олон горимын рейтингийг дахин тохируулах, event-д зориулсан шинэ параметрүүд, license болон Circuit Experience-ийн зорилтот цагийн шинэчлэл, зам товчилсон тохиолдлын торгуулийн шалгуурыг зөөлрүүлэх зэрэг багтжээ.

Café хэсэгт дөрвөн шинэ автомашинтай холбоотой шинэ харилцан яриа нэмэгдсэн байна. Menu Book No. 39-ийг дуусгасны дараа нэмэлт шагналтай Seasonal Menu нээгдэх юм. Мөн хэд хэдэн машинд шинэ хөдөлгүүр солих боломж нэмэгдэж, Scapes-д Whistler байршил оржээ.

Gran Turismo 7 2022 оны 3-р сард гарсан бөгөөд релизээсээ хойш дөрвөн жил гаруй хугацаанд тогтмол томоохон шинэчлэлт авч, хөгжүүлэлтээ үргэлжлүүлсээр байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй