2026 оны 4 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Туркийн Шанлиурфа болон Кахраманмараш мужуудын сургуулиудад зэвсэгт халдлага гарлаа. Энэхүү эмгэнэлт явдлын улмаас 9 хүн амь үрэгдэж, 30 орчим хүн шархадсан байна.
Уг хэргийн дараа Туркийн олон нийтийн сүлжээгээр халдлага үйлдэгчдийн нэг нь “PUBG Mobile” тоглоомын идэвхтэй тоглогч байсан бөгөөд тоглоомын хувилбарыг бодит амьдрал дээр “дуурайсан” гэх цуу яриа эрчтэй тархаж эхлэв. Үүнээс үүдэн Турк улсад видео тоглоомыг шүүмжлэх давалгаа өрнөж, зарим улс төрчид болон идэвхтнүүд өсвөр үеийнхний түрэмгий зан авирыг PUBG-тэй холбон тайлбарлаж байна.
Мөн PUBG-ийн компьютер (PC) хувилбарыг буруутгасан мэдээллүүд гарсан ч “DonanımHaber“-ийн мэдээлснээр, сэжигтний Steam хаяг дээр уг тоглоом байхгүй байсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага халдлагыг дэмжиж, олон нийтийн сүлжээгээр (ялангуяа Telegram дахь “C31K” суваг) “гэмт хэргийг сурталчилсан” хэргээр 80 гаруй хүнийг баривчлаад байна.
PUBG Mobile Türkiye-ийн албан ёсны мэдэгдэл
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан “PUBG Mobile Türkiye”-ээс дараах мэдэгдлийг гаргажээ:
«Шанлиурфа болон Кахраманмараш мужуудын боловсролын байгууллагуудад болсон халдлагад бид гүнээ харамсаж байна. Сургууль бол хүүхэд, залуучуудын хувьд аюулгүй байдал, амар амгалангийн бэлгэдэл байх ёстой гэдэгт бид итгэдэг бөгөөд эдгээр байгууллагуудын эсрэг чиглэсэн хүчирхийллийг ямар ч тохиолдолд үл тэвчинэ. Амь үрэгдэгсдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүсийг хурдан эдгэрэхийг хүсэн ерөөе.
PUBG MOBILE-ийн зүгээс бид тоглогчдынхоо аюулгүй байдал, эрүүл эерэг дижитал орчныг бүрдүүлэхийг үргэлж нэн тэргүүнд тавьдаг. Нийгмийн амар амгалан, аюулгүй байдалд заналхийлж буй аливаа хэлбэрийн хүчирхийллийн эсрэг зогсож, хариуцлагатай тоглоомын зарчим болон нийгмийн үнэт зүйлсийг дээдлэн ажиллах болно».
Засгийн газрын хяналт шалгалт
Тоглоомыг хаах тухай яриа гарч байгаа ч Туркийн Мэдээлэл технологи, харилцаа холбооны газар эсвэл холбогдох яамдаас тоглоомыг хориглох тухай албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна.
Гэсэн хэдий ч Үндэсний боловсролын яам, Дотоод хэргийн яам, Гэр бүл, нийгмийн үйлчилгээний яам хамтран залуучуудыг хүчирхийлэлд уруу татаж болзошгүй дижитал контентуудад иж бүрэн шалгалт хийж эхэлсэн байна.