Дэлхийн хамгийн том тулаант тоглоомын (fighting games) тэмцээн болох Evolution Championship Series (Evo) дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Одоогийн байдлаар Лас-Вегас, Япон, Франц улсуудад тогтмол зохиогддог тус тэмцээний жагсаалтад 2027 оноос эхлэн зургаан шинэ байршил нэмэгдэхээр болсон байна.
2027 онд нэмэгдэх шинэ байршлууд:
- Сингапур
- Бразил
- Марокко
- Мексик
- Саудын Араб
- Хятад
Шинэ байршлуудаас гадна Evo-ийн зүгээс Fighting Game World Championship хэмээх тэмцээний шинэ форматыг танилцууллаа. Тоглогчид жилийн турш явагдах янз бүрийн Evo тэмцээнүүдэд өндөр байр эзэлснээр энэхүү финалын тэмцээнд оролцох эрхээ авах юм.
Мөн 2026 оноос эхлэн Evo-ийн зүгээс “Local Support” санаачилгыг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн тулаант тоглоомын нийгэмлэгүүдэд (FGC) техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлж, тэмцээнүүдээ өндөр түвшинд зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх ажээ.