Team Spirit хожиж, IEM Cologne 2025 тэмцээний аварга боллоо

by Саруул Батболд
0 comments

Counter-Strike 2-ийн IEM Cologne 2025 тэмцээний аварга нь Team Spirit баг боллоо. Тэд финалд MOUZ багийг 3:0 харьцаатайгаар бут ниргэв.

Тоглолтын үр дүн:

  • Mirage — 13:7
  • Ancient — 13:11
  • Nuke — 13:6

Spirit багийн хувьд энэ нь 2025 оны гурав дахь томоохон цом нь боллоо. Тэд өмнө нь BLAST Bounty Spring 2025 болон PGL Astana 2025 тэмцээнүүдэд түрүүлсэн.

Харин MOUZ баг дараалан дөрөв дэх удаагаа CS2-ийн финалд ялагдлаа. Тэд энэ онд зөвхөн PGL Cluj-Napoca (2-р сард) тэмцээнийг л хожоод байна.

The MongolZ баг хагас шигшээд NAVI багт ялагдан, финалд хүрч чадаагүй.

Spirit баг IEM Cologne 2025 тэмцээний түрүүгээр 400,000 ам.доллар хүртсэн бол MOUZ — 180,000 ам.доллар. 3-4-р байрт Natus Vincere болон Team Vitality багууд оржээ.

Тренерийн яриа: “zweih хүлээлтийг давсан”

Team Spirit багийн дасгалжуулагч Сергей “hally” Шаваев тэмцээний дараа албан ёсны ярилцлага өглөө:

“Бид үнэхээр гайхалтай ажилласан гэж бодож байна. Алдаанаас зөв дүгнэлт хийж чадсан. Харин надад Лёня [chopper]-д илүү унтах цаг олгох л хэрэгтэй байлаа,” — гэж тэр инээмсэглэн хэлэв.

Шаваев мөн багийн шинэ залуу гишүүн, 17 настай Иван “zweih” Гогин-ы тоглолтыг онцлов:

“Түүний хувьд бүх байрлал шинэ, гэхдээ тэр хүлээлтийг давж чадсан. Тэр одоогоор цөөн хэдэн том тэмцээнд оролцож байсан ч шууд том тавцанд гарч ирсэн. Би түүнд өдөр бүр хэлдэг: ‘Хүлээлт тавих хэрэггүй, зөвхөн хөдөлмөрлө.’ Ингэснээр тэр улам сайжирна.”

Хүрэх зорилго өндөр гэдгийг Шаваев нэмж хэлсэн:

“Бид энэ улиралд бүхнийг хожих зорилготой байна. Харин цааш юу болохыг харцгаая.”

You may also like

Leave a Comment