Польшийн CD Projekt студи албан ёсоор мэдэгдэл хийж, олон хүлээлт дагуулж буй “The Witcher 4” тоглоом 2026 оноос өмнө гарахгүй болохыг баталгаажууллаа. Иймээс тоглоомын албан ёсны нээлт наад зах нь 2027 онд хийгдэхээр байна.
Стратегийн хөтөлбөртэй уялдсан хойшлолт
2024 оны санхүүгийн тайлангийн үеэр CD Projekt-ийн удирдлагууд “The Witcher 4”-ийн хөгжүүлэлтийн явцад тодорхой хугацааны хязгаарлалт тавигдсан гэдгийг мэдэгдсэн. Тус компанийн санхүү хариуцсан захирал Пётр Нелюбович:
“Бид одоогоор тоглоомын албан ёсны нээлтийн огноог зарлахад бэлэн биш байна. Ямартай ч 2026 оныг дуустал хэрэгжих манай урамшууллын хөтөлбөрийн эхний шатанд багтахгүй гэдгийг баттай хэлж чадна” хэмээн тайлбарлав.
Энэхүү урамшууллын хөтөлбөр нь 2026 оны 12-р сарын 31-нд дуусна.
Бүтээл хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа ч маркетинг хойшлогдсон
2024 оны 11-р сард CD Projekt “The Witcher 4” бүтээл нь бүрэн хэмжээний хөгжүүлэлтийн шатанд шилжсэн тухай мэдээлж байсан. Гэсэн ч тухайн үед студи маркетингийн үйл ажиллагаагаа болгоомжтой, шат дараатай хэрэгжүүлнэ хэмээн онцолж байв.
Гэсэн хэдий ч 2024 оны 12-р сард The Game Awards наадмын үеэр студи кино мэт тансаг тизер цацаж, олон тоглогчдод 2026 онд гарах магадлал байгаа гэсэн найдвар төрүүлсэн. Харин одоо энэхүү горьдлого албан ёсоор няцаагдаж, тоглоомыг 2027 оноос нааш хүлээх боломжгүй гэдэг нь тодорхой боллоо.