Valve-ийн стикерийн шинэ систем CS2-ын мэргэжлийн багуудад хүнд цохилт болж магадгүй

by Саруул Батболд
0 comments

Valve корпораци “IEM Cologne Major 2026” тэмцээний үеэр анх удаа нэвтрүүлсэн стикер борлуулалтын шинэ систем нь кибер спортын байгууллагуудын дунд маш том эсэргүүцэл дагуулаад байна. HLTV-ийн мэдээлснээр клубуудын орлого огцом буурч байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн Counter-Strike-ийн эдийн засагт бүхэлд нь сөргөөр нөлөөлж болзошгүйг салбарынхан анхааруулж эхэлжээ.

Клубуудын орлого хэд дахин буурав

Хамгийн том цохилтыг топ зэрэглэлийн бус (дунд шатны) багууд авчээ. Өмнөх Major тэмцээнүүдэд эхний шатнаас хасагдсан багууд ч стикерийн борлуулалтаас 600 мянга орчим ам.доллар авдаг байсан бол шинэ системийн дараа зарим багууд ердөө 60 мянга орчим ам.долларын орлого олсноо мэдээлсэн байна. Олон клубын хувьд энэ орлого нь тоглогчдын цалин, шилжилт хөдөлгөөн, тэмцээний зардал болон академийн багуудаа бүтэн жилийн турш санхүүжүүлэх гол эх үүсвэр нь болдог байв.

Valve ямар өөрчлөлт оруулсан бэ?

Шинэ системийн гол өөрчлөлт нь уламжлалт стикерийн капсулуудыг (capsules) бүрмөсөн устгасан явдал юм. Одоо хэрэглэгчид тусгай токен (tokens) ашиглан хүссэн стикерээ шууд худалдаж авах бөгөөд үнэ нь эрэлтээсээ хамаарч тогтоно.

Түүнчлэн, Valve орлого хуваарилах зарчмыг өөрчилжээ. Өмнө нь клубууд тоглогчидтойгоо гэрээгээр орлогоо хэрхэн хуваахаа өөрсдөө шийддэг байсан бол одоо ашгийн 50 хувь нь багт, үлдсэн 50 хувь нь тоглогчдод шууд очихоор зохицуулагдсан байна. Энэ нь хуучин системд тохируулан гэрээ хийсэн байсан олон клубын хувьд гэнэтийн зүйл болов.

Санхүүгийн хямрал ба татан буулгалт

Орлого эрс буурсантай холбоотойгоор клубууд трансфер, академи болон багийн хөгжүүлэлтийн төсвөө танаж эхэлжээ. Амжилттай тоглоод ч зардлаа нөхөхөд хэцүү болсон тул зарим багууд CS2-оос гарахаар шийдэж байна. Үүний тод жишээ нь “Gaimin Gladiators” баг Counter-Strike-ийн төрлөөс бүрмөсөн гарч байгаагаа зарласан явдал юм. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол энэ нь дөнгөж эхлэл байх вий гэхээс салбарынхан эмээж байна.

Шилжилт хөдөлгөөний зах зээл хумигдана

Тоглогчдыг өндөр үнээр худалдаж авах болон өндөр цалин амлах явдал аажмаар үгүй болно гэж клубууд үзэж байна. Major тэмцээний дараа их хэмжээний орлого орж ирэхээ больсон тул багууд шинэ тоглогч авахад маш болгоомжтой хандах болно. Энэ нь ялангуяа Major-т шалгарч санхүүгээ тогтворжуулдаг байсан Tier-2 болон Tier-3 түвшний багуудад хамгийн хүнд тусна.

Valve одоохондоо тайлбар өгөөгүй байна

Асар их шүүмжлэл гарч байгаа ч Valve шинэ системээ өөрчлөх төлөвлөгөөгүй байна. Салбарынхан дараагийн Major тэмцээн гэхэд өөрчлөлт орно гэж найдаж байгаа ч лутбокс (lootbox)-той холбоотой хууль эрх зүйн асуудлаас болоод хуучин капсулын систем эргэж ирэх магадлал бага байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл CS2-ын мэргэжлийн талбарт багуудын тоо цөөрч, тоглогчдын цалин буурч, трансфер идэвхгүй болох эрсдэлтэй.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй