Stake болон StarLadder хамтран CS2-ын Tier-2 түвшний шинэ LAN цуврал тэмцээнийг эхлүүлж байна

by Саруул Батболд
0 comments

Stake болон StarLadder компаниуд хамтран өсөж буй багуудад зориулсан Stake Ranked нэртэй Tier-2 түвшний LAN тэмцээний шинэ цувралыг зарлалаа. Энэхүү төслийн зорилго нь залуу бүрэлдэхүүнүүдэд LAN тэмцээний бодит туршлага олгох, олон улсын тавцанд танигдах боломжийг бүрдүүлэхэд оршиж байна.

Цувралын эхний хэсэг 2026 оны 4 дүгээр сарын 1-нээс 4-ний хооронд, хоёрдугаар хэсэг нь 5 дугаар сарын 27-ноос 30-ны хооронд зохион байгуулагдана. Цувралын нийт шагналын сан 100,000 ам.доллар байх бөгөөд үндсэн шат нь LAN хэлбэрээр, харин урьдчилсан шат нь онлайн хэлбэрээр явагдах юм. Шигшээ тоглолтуудыг Шенгений бүсэд багтах Европын орнуудын нийслэл хотуудад зохион байгуулах бөгөөд тэмцээн Double Elimination Bo3 форматаар явагдана.

Үндсэн тэмцээнд (Main Event) нийт 8 баг өрсөлдөнө:

  • Зургаан баг Global VRS чансааны (13-р байраас эхлэн) дагуу шууд урилга авна.
  • Хоёр баг хаалттай урьдчилсан шатнаас шалгарна.
  • Хаалттай урьдчилсан шатанд VRS чансаагаар уригдсан 14 баг болон нээлттэй урьдчилсан шатнаас шалгарсан 2 баг өрсөлдөнө.
  • Нээлттэй урьдчилсан шат нь FACEIT платформ дээр Европын серверүүд ашиглан онлайн хэлбэрээр явагдана.

Урьдчилсан шатны тов:

  • Нээлттэй шат: 2026 оны 2 дугаар сарын 21-22 (Single Elimination Bo1/Bo3).
  • Хаалттай шат: 2026 оны 3 дугаар сарын 4-8 (Single Elimination Bo3).

Тэмцээний урилга болон оноолтыг гаргахдаа VRS чансааны өөр өөр үеийн шинэчлэлтүүдийг ашиглана: шууд урилгыг 2 дугаар сарын 12-ны байдлаар (2 дугаар сарын 2-ны шинэчлэлт), хаалттай шатны оноолтыг 2 дугаар сарын 2-нд, харин үндсэн тэмцээний оноолтыг 3 дугаар сарын 2-нд тус тус тогтооно. Зохион байгуулагчид шударга тоглолтын зарчмыг баримтлах бөгөөд зөвхөн Valve-ийн шаардлага хангасан багууд оролцох эрхтэй, харин ESIC-ийн идэвхтэй бан (хориг) авсан тоглогчдыг оролцуулахгүй.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй