Sony Interactive Entertainment-ийн гүйцэтгэх захирал Хидэаки Нишино 6-р сарын 13-нд болсон Fireside Chat ярилцлагын үеэр PS6-ийн талаар анхлан дурдсан юм. Тэрээр үүлэн технологид суурилсан тоглоомын хөгжил дэвшилтэй санал нийлж буйгаа илэрхийлсэн боловч:
“Тоглогчдын олонхи нь тоглоомоо шууд төхөөрөмж дээрээ тоглохыг илүүд үздэг. Тогтвортой интернэт шаардлагагүй байх нь давуу тал хэвээрээ,” — хэмээн Нишино онцолсон байна.
Түүний хэлснээр PS4 болон PS5-ыг хэрэглэж буй асар олон хэрэглэгчийн бааз Sony-г дараагийн үеийн шинэчлэлд чиглүүлж байна.
“Бид одоогоор маш идэвхтэй тоглогчдын экосистемтэй. Тиймээс шинэ үеийн консол бүтээх сонирхол маш их,” — гэж тэр мэдэгджээ.
Хэдийгээр PS6-ын талаарх нарийн мэдээлэл өгөөгүй ч, Sony компанийн хувьд энэ төсөл “нэн тэргүүний анхаарлын төвд” байгааг баталлаа.
PS5-ийн амжилт болон PS6-ын хүлээлт
2020 оны 11-р сард худалдаанд гарсан PlayStation 5 нь өнөөдрийг хүртэл 65 сая ширхэг борлогдсон бөгөөд PS4-өөс хурдтай борлогдож байгааг Sony онцолсон. Тодруулбал, анхны 52 сарын дотор PS4-өөс 7%-иар илүү борлуулалттай явж байгаа нь PS5-ын амжилтыг харуулж байна.
PS5-ийн дараа Sony өнгөрсөн жил PS5 Pro загварыг танилцуулсан бөгөөд энэ хувилбарт график болон гүйцэтгэлийг сайжруулсан. Мөн 2026 онд AMD-тэй хамтран PS5 Pro-д шинэчилсэн хувилбар гаргахаар төлөвлөж буйг Sony мэдэгдсэн.
Шинэ гар утасны төхөөрөмж бас хүлээгдэж байна
Сүүлийн цуурхлуудын дагуу Sony зөөврийн тоглоомын төхөөрөмж бүтээж буй бололтой. Энэ төхөөрөмж PS5-тэй ойролцоо хүчин чадалтай, гар утасны хэлбэртэй байж магадгүй бөгөөд PS6-тай зэрэг гарах боломжтой гэж олон эх сурвалж дамжуулж байна. Хэрэв энэ үнэн бол PS Vita-гийн дараа Sony дахин зөөврийн зах зээлд орж ирэх бололтой.