Их Британи улс хүүхдүүдийг Roblox, Fortnite, Minecraft-т танихгүй хүнтэй харилцахыг хориглож магадгүй

by Саруул Батболд
0 comments

Их Британийн засаг захиргаа хүүхдүүдийг Roblox, Fortnite, Minecraft болон Discord зэрэг алдартай тоглоомын платформууд дээр танихгүй хүмүүстэй харилцах (чатлах) боломжийг хаах хатуу хязгаарлалт тогтоохоор судалж байна.

Цахим аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Канишка Нараян-ы мэдээлснээр, тоглоомын платформуудыг зохицуулах энэхүү алхам нь өсвөр насныхны цахим орчин болон сошиал медиа дахь хортой функцуудыг хязгаарлах засгийн газрын өргөн хүрээний стратегийн нэг хэсэг болох аж.

Энэхүү шинэ зохицуулалт нь 2026 оны 3 дугаар сарын 2-ноос 5 дугаар сарын 26-ны хооронд үргэлжилсэн “Цахим ертөнцөд өсөн торнихуй” (Growing up in an online world) сэдэвт засгийн газрын зөвлөлдөх уулзалтын үр дүн юм. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр албаны хүмүүс сошиал сүлжээ, тоглоомын сайтууд болон хиймэл оюун ухааны чат-ботуудад насны хязгаарлалт тогтоох шаардлагатай эсэхийг үнэлж, нас баталгаажуулалтыг чангаруулах, донтуулагч шинж чанартай загвар, функцуудтай тэмцэх асуудлыг хэлэлцсэн байна.

Засгийн газраас авч хэрэгжүүлэх хоёр хувилбар

Одоогоор Британийн эрх баригчид дараах хоёр арга замын аль нэгийг сонгохоор ажиллаж байна:

  • Сошиал сүлжээг бүрэн хаах: Австрали улсын жишгээр 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг бүрмөсөн хориглох.
  • Тодорхой функцуудыг хязгаарлах: Төгсгөлгүй скролл (дуусахгүй мэдээллийн урсгал), видео автоматаар тоглуулах, байршил хуваалцах болон хувийн сонирхолд тулгуурласан зөвлөмжийн алгоритм зэрэг тодорхой хэрэгслүүдийг хэсэгчлэн хаах.

Хэрэв тоглоомын платформуудыг энэхүү зохицуулалтын жагсаалтад оруулбал энэ нь зөвхөн уламжлалт сошиал сүлжээнд анхаарлаа хандуулж буй Австрали улсаас хамаагүй хатуу арга хэмжээ болох юм.

Тоглоомын орчин дахь далд аюул

Сайд Нараян хэлэхдээ, судалгааны явцад илэрсэн хамгийн том аюулуудын нэг бол насанд хүрэгчид танихгүй хүүхдүүдтэй холбоо тогтоох боломжийг олгодог “танихгүй хүмүүстэй холбох” систем юм гэв. Энэхүү асуудал яг тоглоомын орчинд хамгийн хурцаар тавигдаж байна. Зарим платформд эцэг эхийн хяналтын функцууд байдаг хэдий ч засгийн газрын зөвлөл өнөөгийн арга хэмжээнүүдийг хангалтгүй гэж үзжээ.

Хяналтыг чангаруулах санаачилгыг Хүүхдийн эрхийн комиссар Рейчел де Соуза мөн дэмжсэн байна. Түүний хэлснээр, өсвөр насны хөвгүүдийн дийлэнх нь өдөрт 3-4 цагийг уламжлалт сошиал сүлжээнд биш, харин онлайн тоглоом тоглоход зарцуулдаг байна.

“Эдгээр тоглоомууд нь Аризона мужийн 55 настай иргэн орж ирээд 9 настай хүүхэдтэй шууд харилцах боломжийг олгодог функцуудтай байдаг. Үүнийг би хүүхдүүдийг хорьж байна гэж харахаас илүү 18-аас доош насныханд тохиромжгүй үйлчилгээнүүдийг хязгаарлаж, хааж байгаа хэрэг гэж нэрлэнэ” хэмээн де Соуза онцолжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй