2025 оны намар хүлээгдэж буй Grand Theft Auto 6 тоглоомын нээлт видео тоглоомын салбарт хүчтэй нөлөө үзүүлж эхэллээ. Гурван томоохон тоглоомын студи GTA 6-тай өрсөлдөхөөс зайлсхийж, өөрсдийн тоглоомуудын нээлтийн огноог хойшлуулах талаар бодож эхэлжээ.
Хэдий Rockstar Games албан ёсоор тодорхой нээлтийн огноо зарлаагүй ч, хэрэглэгчдийн өндөр хүлээлт, зах зээлийн анхаарал энэхүү хүлээлттэй холбоотойгоор тоглоом хөгжүүлэгч, нийтлэгчдийг стратегиа өөрчлөхөд хүргэж байна.
“GTA 6-тай зэрэгцэхийг хүсэхгүй байна”
The Game Business сайтын мэдээлснээр, зарим студиуд шинэ тоглоомуудынхаа гарцыг хойшлуулж, зарим нь өөрийн live-service тоглоомын томоохон шинэчлэлтүүдийг түр хойшлуулахаар шийдэж байна.
Нэгэн студийн удирдлага “Бид GTA 6-ын ойролцоо аль ч байдлаар гармааргүй байна. Бидэнд өөр өөр хувилбарууд байгаа” хэмээн ярьжээ.
Өөр нэг AAA студийн төлөөлөгч “Цаг хугацааг зөв тааруулах нь аль хэдийн хэцүү. Харин GTA 6 бол цохилт үзүүлэх метеор” хэмээн тайлбарласан байна.
EA, Battlefield ч хойшлох магадлалтай
Салбарын хамгийн том тоглогчдын нэг EA хүртэл энэ хандлагыг дагаж магадгүй. 2025 онд төлөвлөгдөж буй шинэ Battlefield тоглоомын нээлт ч мөн Rockstar-ийн “томоохон гарц”-ын улмаас хойшлогдож болзошгүй талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Вилсон дурдсан байна.
Rockstar хойшлуулбал яах вэ?
Гэвч томоохон эрсдэл бол GTA 6 өөрөө 2026 он руу хойшлогдох магадлал юм. Энэ тохиолдолд өөрсдийн тоглоомыг хойшлуулсан студиуд эргэж буцаж шийдвэр гаргах эсвэл дахин хойшлуулах шаардлагатай болж мэднэ.
Нэг студийн төлөөлөгч “Хэрвээ бид 2025-аас хойшлуулчхаад Rockstar ч бас хойшлуулбал яах вэ? Тэгвэл бид цагаа дахин зөв тааруулж чадах уу? Энэ маш их дарамттай” гэжээ.