Global Esports багийн Valorant-ын багийн ахлах дасгалжуулагч Престон “Juv3nile” Дорноныг Riot Games болон VCT (Valorant Champions Tour)-ийн бүх тэмцээнээс нэг жилийн хугацаатайгаар хасах шийдвэр гарлаа. Энэ шийдвэр нь Riot-ийн “дэлхийн ёс зүйн хэм хэмжээ”-г зөрчсөнтэй холбоотой бөгөөд түүний 2026 онд эргэн ирэхээс өмнө тусгай ёс зүйн болон мэргэжлийн хичээлд хамрагдах шаардлагатай болжээ.
Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл албан ёсоор нийтлэгдээгүй байгаа ч уг шийдвэр нь Juv3nile-ээс хэд хэдэн эмэгтэйд илгээсэн зохисгүй, хүчирхийлэлд уриалсан шинжтэй мессежүүдтэй холбоотой гэж эх сурвалжууд мэдээлэв.
Riot Games мэдэгдэлдээ:
“Манай цахим спортын холбоот багуудын мэргэжилтнүүд нь олон нийтийн өмнө тус спортыг төлөөлж буй чухал дүрүүд тул бид тайзан дээр болон тайзны ард ч тэднээс өндөр хариуцлага, ёс зүй шаардаж ажилладаг” гэжээ.
Global Esports уг шийдвэрийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд багтаа мэргэжлийн, хариуцлагатай уур амьсгалыг хадгалахад үргэлж анхаарч ажиллахаа мэдэгдэв. Харин Juv3nile-ийн оронд Valorant багийг хэн удирдах талаар одоогоор мэдээлэл гараагүй байна.