Ойрхи Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлын улмаас “Esports Foundation” байгууллага “Esports World Cup 2026” (EWC 2026) тэмцээнийг Саудын Арабын Эр-Рияд хотоос Францын Парис хот руу шилжүүлээд байгаа билээ.
Тэгвэл тус байгууллагаас тэмцээнийг зохион байгуулахад зориулж ойролцоогоор 250 сая евро (€250,000,000)-ийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Энэ тухай Франц улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны мэдэгдлээс иш татан “Sheep Esports” цахим хуудас мэдээллээ. “EWC 2026” тэмцээн ирэх долоодугаар сарын 6-наас наймдугаар сарын 23-ны хооронд зохион байгуулагдана.
Энэхүү асар их хэмжээний санхүүжилт нь тэмцээнийг дээд түвшинд явуулах дараах зардлуудыг бүрэн нөхөхөд зориулагдана. Үүнд:
- Дэд бүтэц болон зохион байгуулалтын бэлтгэл ажил
- Шууд дамжуулалт болон медиа контент үйлдвэрлэл
- Баг тамирчдын байрлах байр, зочид буудал болон тээврийн зардал
- Нээлт болон хаалтын сүрлэг ёслолын ажиллагаа
- Хөгжөөн дэмжигчдэд зориулсан фанат-бүс, идэвхтэй үйл ажиллагаанууд
Францын эдийн засагт үзүүлэх нөлөө
Франц улсын хувьд ийм том хэмжээний спортын арга хэмжээг эх орондоо зохион байгуулах нь эдийн засгийн маш хүчтэй хөдөлгүүр болно гэж харж байна. Францын засаг захиргааны урьдчилсан тооцоогоор, “Esports World Cup”-ийг Парис хотод зохион байгуулснаар тус улсад шууд бус хэлбэрээр ойролцоогоор 600 сая евро-гийн эдийн засгийн эргэлт, үр өгөөж авчирна гэж үзэж байгаа ажээ.