“Six Invitational 2026” тэмцээний үеэр “Fluxo W7M” баг “FURIA”-г хожсоны дараахан “Rainbow Six China”-ийн продюсер Жяшэн Лиан Хятад улс “Rainbow Six: Siege”-ийн кибер спортын экосистемд албан ёсоор нэгдэж байгааг зарлалаа.
Тоглоомын 10 дахь жилд Хятадын багууд “GVC Pioneer Series” тэмцээнээр дамжуулан анхны боломжоо авсан юм. Энэхүү бүс нутгийн тэмцээн нь “Six Invitational 2026”-ийн Ази, Номхон далайн (APAC) лигийн урьдчилсан шатны эрхийг олгосон бөгөөд Хятадын шилдэг найман баг өрсөлдсөнөөс “All Gamers” баг түрүүлсэн. Тэд APAC-ийн урьдчилсан шатанд “Daystar” багт ганцхан хожигдсоноор оны хамгийн том тэмцээн болох SI26-д оролцох эрхээ алдсан билээ.
Одоо Хятадын бүс нутаг дараагийн том алхмаа хийж, “Rainbow Six Siege”-ийн экосистемд бүрэн нэгдэж байна. Тоглоомын 11 дэх жилийн Хятадын лигт 10 баг өрсөлдөх бөгөөд “BLAST R6 Majors” (АНУ ба Япон) болон Бразилд болох “Six Invitational 2027” тэмцээнүүдэд оролцох эрхтэй болно. Тэмцээний дүрэм болон урьдчилсан шатны дэлгэрэнгүй мэдээлэл Хятад лигийн “Kickoff” шат эхлэхтэй зэрэгцэн тодорхой болох бөгөөд энэ шатнаас “BLAST R6 Major Salt Lake City 2026” тэмцээнд шууд оролцох 4 эрх олгогдох юм.
Түүнчлэн 11 дэх жилд Хятадын нэгдүгээр түвшний (Tier 1) лиг “R6 Share” хөтөлбөрт нэгдсэнээр бид Хятадын багуудыг дэмжсэн анхны “скин” буюу зэвсгийн гоёлтуудыг харах боломжтой болно.
Формат ба бүтэц
Одоогийн мэдээллээр лиг нь урилга болон урьдчилсан шат гэсэн холимог загвараар бүрдэж байна:
Урилга авсан багууд (Invited):
- All Gamers
- Attacking Soul
- Four Angry Men
- KingZone
- My Queen
- Titan Esports Club
- TYLOO
- WolvesY
Урьдчилсан шатнаас шалгарах (Qualifier):
- 2 эрх (Тодорхойгүй)
Ийнхүү 8 баг шууд уригдаж, 2 баг нээлттэй урьдчилсан шатнаас шалгардаг 10 багтай формат бүрдэж байна. Энэ нь тогтсон том байгууллагуудад тогтвортой байдал олгохын зэрэгцээ шинэ тоглогчдод боломж олгож байгаа хэрэг юм.
Жагсаалтаас хамгийн их анхаарал татаж буй нэрс бол “TYLOO” болон “All Gamers” юм. “CS”, “Valorant”, “LoL” зэрэг төрлүүдэд арвин туршлагатай эдгээр байгууллагууд одоо “R6”-д хүч үзэх гэж байна. Мөн “WolvesY” багийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ бол Европын Tier-2 түвшний домогт “Wolves Esports” баг бөгөөд тэд Европын лигийг орхиж, Хятадын шинэ бүс нутагт хүчээ үзэхээр шийджээ.
Зохион байгуулагчид ба ивээн тэтгэгчид
Хятадын шинэ лигийг эхлүүлж байгаа нь “Ubisoft”-ийн зүгээс Хятад улсыг дэлхийн экосистемд бүрэн эргүүлэн авчрах стратегийн чухал алхам юм. Лигийн ард дараах гурван том хүчин байна:
- Ubisoft: Тоглоомын эрхийг эзэмшигч, техникийн шинэчлэл болон дэлхийн экосистемийн ерөнхий зохицуулагч.
- Tencent Games: Хятадын зах зээлийн гол тоглогч бөгөөд олон улсын төлөөлөгчдийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх “шүүлтүүр” болон гүүр болдог.
- Hero Esports: Хятадын хамгийн том тэмцээн зохион байгуулагчдын нэг.
Энэхүү гурвал маш хүчирхэг бүтцийг бүрдүүлж байна: “Ubisoft” олон улсын системд нэгтгэх болон техникийн талыг, “Tencent” дотоодын зах зээлийн зохицуулалт, аюулгүй байдал, бизнесийн дэмжлэгийг, харин “Hero Esports” тэмцээн зохион байгуулах туршлага болон маркетингийн талыг хариуцаж байна.
Трансляци ба сувгууд
Лиг эргэн ирснээр “Ubisoft” дотоодын платформуудтай шинээр хамтран ажиллах шаардлагатай болж байна:
- Bilibili
- Douyu
- Huya
Парист болсон “Six Invitational 2026” тэмцээний Хятад тайлбартай шууд дамжуулалт дотоодын платформууд дээр үзэлт болон хандалтаараа маш өндөр үр дүн үзүүлсэн нь чухал ач холбогдолтой. Шинэ лиг нь “Ubisoft”, “Tencent”, “Hero Esports” болон “Bilibili” зэрэг платформуудын байнгын хамтын ажиллагааны туршилтын талбар болох юм.
Тогтвортой, зөв ажиллаж чадвал Хятад улс олон улсын тэмцээн бүрд нэмэлт 4 эрхтэй болж, дотоодын өрсөлдөөн дундаас маш хүчирхэг багуудыг төрүүлэх болно. Солонгосын бүс нутаг нэгэн цагт зэвсгийн өвөрмөц сонголт, газрын зургийн шинэлэг тактикаараа дэлхийг гайхшруулж байсан шиг Хятад улс ч мөн адил “Rainbow Six”-ийн ертөнцөд шинэ салхи авчрах боломжтой юм.