2025 оны зургадугаар сарын 22-нд АНУ-ын Остин хотноо болсон Counter-Strike 2 (CS2) тоглоомын хамгийн том тэмцээн болох BLAST.tv Austin Major 2025-ын финалын үеэр шинэ дээд амжилт тогтоолоо.
Аналитикийн Esports Charts порталын мэдээлснээр Team Vitality-ийн ялалтыг оргил үед 1,761,225 үзэгч шууд дамжуулалтаар үзсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзэлт болсон байна. Энэ тоонд Хятадын платформ болон Монголын The MongolZ багийн олон нийтийн талбайд үзсэн хөгжөөн дэмжигчид багтаагүйг онцолъё.
Vitality хоёр жилийн дараа мэйжор цомоо эргүүлэн авлаа
Францын Team Vitality энэ удаагийн ялалтаараа 2023 оны BLAST.tv Paris Major-ын дараа хоёр дахь удаагаа мэйжор цомыг өргөж, 500 мянган ам.долларын шагналын эзэн боллоо. Багийн гол тоглогч Матье ZywOo Эрбо дараалан долоо дахь удаагаа MVP-ээр тодорсон нь түүнийг киберспортын түүхэн дэх шилдэг тоглогчдын нэг болохыг харуулж байна.
The MongolZ – Түүхэнд нэрээ үлдээсэн дэд байрын эзэн
Монголын The MongolZ баг финалд хүрч, CS2-ийн мэйжор тэмцээнд анх удаа зүүн Азийн баг финалд шалгарсан түүхэн үйл явдлыг бүтээв. Хэдийгээр баг финалд Vitality-д ялагдсан ч нийт 170 мянган ам.долларын шагнал хүртэж, Монголын болон Азийн киберспортын түүхэнд шинэ хуудас нээсэн юм.
Тоглолтыг Монгол Улсын хэмжээнд олон нийтийн талбай, спорт цогцолбор, театр зэрэг газруудад шууд дамжуулан үзэж, мянга мянган хөгжөөн дэмжигч хамтдаа хүндэтгэл үзүүлсэн нь The MongolZ багийн хувьд онцгой дэмжлэг байлаа.
BLAST.tv Austin Major 2025 – Шилдгүүдийн тулаан
Тэмцээн 2025 оны 6-р сарын 3-22-ны хооронд гурван шатлалт хэсэг болон олимпын шатлалт плей-офф форматаар зохион байгуулагдсан бөгөөд нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай байв.