Шинжээчид “The MongolZ” багийн бүрэлдэхүүний өөрчлөлтийг ширүүн шүүмжиллээ

by Саруул Батболд
0 comments

Сүүлийн үед бүрэлдэхүүндээ томоохон сэлгээ хийгээд байгаа цахим спортын CS2-ын “The MongolZ” баг олон улсын шинжээчдийн анхаарлын төвд орж, багагүй шүүмжлэл дагуулж эхэллээ. Багийн гол хоёр тоглогч явсантай холбогдуулан салбарын шинжээчид өөр өөрсдийн байр суурийг ийнхүү илэрхийлжээ.

Шинжээчдийн хатуу шүүмжлэл ба байр суурь

Тус баг гол тоглогчдоос салсан явдлыг шинжээчид дараах байдлаар дүгнэж байна.

  • Шинжээч Delight: Азбаяр “Senzu” Мөнхболд, Аюуш “mzinho” Батболд нарыг алдсан нь багт нөхөж баршгүй сөрөг цохилт болсныг онцоллоо. Тэрбээр “Би энэ сэлгээг ерөөсөө ойлгохгүй байна. “The MongolZ” багийн бүрэлдэхүүн бүр мөсөн үхжээ гэдгийг л би сайн мэдэж байна” хэмээн халагласан байна.
  • Дункан “Thorin” Шилдс: Багийн удирдлагуудыг том алдаа гаргасан гэж үзэв. Тэрбээр “Senzu-г нэг өрөөнд дагуулж ороод ямар нөхцөл хэрэгтэй байгааг нь асууж чадаагүй юм уу? Senzu, Mzinho хоёргүйгээр тэд өрсөлдөх чадваргүй болно. Одоо тэд үе үе сенсаци гаргадаг ч дэлхийн шилдэгт ордоггүй баг болж хувирна” хэмээн шүүмжиллээ.
  • Янко “YNk” Паунович: Өнөдэлгэр “controlez” Баасанжаргалыг үндсэн багт эргүүлэн авчрах ёстой байсныг сануулж, багийн гол хүч нь “галтай” тоглолтод байсан тул оны эцэс хүртэл тэдний амжилт буурсаар байх болно гэж таамаглав.

Бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтүүд

Сануулахад, “The MongolZ” баг Азбаяр “Senzu” Мөнхболд, Аюуш “mzinho” Батболд нарыг “BC.Game” багт худалдаж, Анарбилэг “cobrazera” Ууганбаярыг сэлгээнд шилжүүлээд байгаа юм.

Тэдний оронд академийн багаасаа дараах хоёр залуу тамирчныг үндсэн бүрэлдэхүүнд дэвшүүлэн тоглуулахаар болоод байна.

  • Золбаяр “tikuak” Чимэдцэрэн
  • Ирээдүй “DarkMeister” Дугарсүрэн
The MongolZ үндсэн бүрэлдэхүүндээ tikuak, DarkMeister нарыг авлаа

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй