PGL Belgrade 2025 тэмцээн цуцлагдаж, Бухарестын студид зохион байгуулагдана

by Саруул Батболд
0 comments

Counter-Strike 2 төрлийн PGL Belgrade 2025 тэмцээн анх төлөвлөсөн ёсоороо Сербид зохион байгуулагдахгүй болсон талаар PGL албан ёсоор мэдэгдлээ. Тэмцээнийг Румыны нийслэл Бухарест хот дахь студид, үзэгчгүй нөхцөлд явуулахаар болсон байна.

PGL компанийн мэдээлснээр, зохион байгуулалтын урьдчилан таамаглаагүй логистикийн хүндрэлүүд үүссэн тул ийм шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч тэд тэмцээний уур амьсгалыг аль болох бүрэн бүтэн байлгахыг зорьж, үзэгчид болон оролцогчдод мартагдашгүй мөчүүдийг бэлэглэнэ хэмээн амлалаа.

“PGL Belgrade 2025 тэмцээнийг Бухарест хот дахь студид зохион байгуулахаар болсон. Бид PGL-ийн форматад үнэнч байж, тоглогчид болон фэнүүддээ гайхамшигт туршлага хүргэхээр зорьж байна. Бид энэ удаад Сербид хүрэлцэн очих боломжгүй болсон ч, ойрын хугацаанд эргэн очихыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн албан ёсны мэдэгдэлд дурджээ.

PGL Belgrade 2025 тэмцээн энэ оны хоёрдугаар хагасын гол тэмцээнүүдийн нэг байхаар төлөвлөгдөж байсан бөгөөд шинэчилсэн тэмцээний системийн хүрээнд RMR (Regional Major Rankings)-ийг орлох ач холбогдолтой цувралын нэг хэсэг байв.

PGL хамгийн сүүлд Бухарест хотод энэ оны дөрөвдүгээр сарын 6-13-ны хооронд томоохон тэмцээн зохион байгуулсан. Тус тэмцээнд нийт 625 мянган ам.долларын шагналын сантай байсан ба Team Falcons баг финалд G2 Esports-ийг 3:0 харьцаатай хожиж түрүүлсэн.

You may also like

Leave a Comment