“Natus Vincere” (NAVI) багийн нөөц тоглогч Юстинас “jL” Лекавичюс Португал улсад зохион байгуулагдах “Roman Imperium Cup VI” тэмцээнд “Team Liquid” багийн бүрэлдэхүүнд орлон тоглогчоор (stand-in) оролцохоор боллоо. Литва тамирчин jL нь хувийн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсон Израил тоглогч Гай “NertZ” Илузыг түр орлох юм.
“NertZ”-ийн хувьд ирэх “BLAST Open Rotterdam” тэмцээнээс эхлэн үндсэн бүрэлдэхүүндээ эргэн ирэх төлөвтэй байгаа бөгөөд тус тэмцээний эхний шатанд “Liquid” баг “Team Spirit”-тэй учраа таарсан байна.
Энэхүү тэмцээн нь jL-ийн хувьд урт хугацааны завсарлагааны дараах анхны сорилт болох юм. Тэрээр өнгөрсөн долоодугаар сард сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулах зорилгоор мэргэжлийн спортоос түр хугацаанд хөндийрч буйгаа зарлаад байсан билээ.
“Team Liquid” баг “ESL Pro League Season 23” тэмцээний эхний шатнаас хасагдаж, Мэйжорын (Major) эрх авах боломж нь хүндэрсэн тул чансаагаа ахиулах зорилгоор “Roman Imperium Cup VI” болон “DraculaN Season 6” тэмцээнүүдэд оролцох шийдвэр гаргажээ.
“Roman Imperium Cup VI” тэмцээн гуравдугаар сарын 12-ноос 15-ны хооронд Вила-Нова-ди-Гая хотын “SAW Esports Arena”-д зохион байгуулагдана. Хэсгийн шатанд “Liquid” баг “BESTIA”, “Gaimin Gladiators”, “Famalicao” болон “OlyBet” багуудтай тойргийн журмаар “Bo1” (нэг үе тоглох) форматаар өрсөлдөх юм.