2025 оны зургадугаар сарын 22-нд болсон BLAST.tv Austin Major 2025 (CS2) болон VCT Valorant Masters Toronto 2025 (Valorant) тэмцээний гранд финалын үеэр Counter-Strike 2-ийн тоглолт дэлхийн хамгийн олон үзэгчтэй киберспортын арга хэмжээ боллоо.
Esports Charts-ийн мэдээллээр Team Vitality болон The MongolZ багуудын тоглолтыг зэрэг 1,759,182 хүн шууд дамжуулалтаар үзсэн нь энэ оны хамгийн өндөр пиков (хамгийн их зэрэг үзсэн) үзэлт боллоо.
Харин Valorant-ийн VCT Masters Toronto тэмцээний финалд Paper Rex ба Fnatic багууд тоглох үед хамгийн ихдээ 1,101,665 үзэгч хамрагдсан байна. Энэ нь хоёр тэмцээний хооронд 650,000 гаруй үзэгчийн зөрүүтэй байсныг харуулж байна.
CS2 дэлхийн хамгийн их үзэгчтэй шутер хэвээр байна
Тэмцээнүүдийн аль алинд нь Хятадын стриминг платформууд болон Steam TV-ийн статистикийг оруулаагүй ч ийнхүү CS2 олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан хэвээр байна. Энэ нь Counter-Strike 2 тоглоом шутер төрлийн хамгийн том киберспортын төрөл хэвээр байгааг дахин баталлаа.
- BLAST.tv Austin Major 2025 нь АНУ-ын Остин хотод зургадугаар сард зохион байгуулагдсан, CS2 тоглоомын хамгийн том тэмцээн бөгөөд дэлхий даяарх мянга мянган үзэгч, хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татсан.
- Харин VCT Valorant Masters Toronto нь Riot Games компанийн зохион байгуулдаг Valorant тоглоомын зуны гол ивэнт юм.
Esports-ийн түүхэнд нэрээ үлдээсэн үйл явдал
“The MongolZ” багийн хувьд финалд хүрч, CS2-ийн мэйжор тэмцээнд зүүн Азийн анхны финалист болсон нь үзэгчдийн тоог нэмэгдүүлсэн гол хүчин зүйлсийн нэг болжээ. Энэ тоглолтын үеэр Монголын олон хот, сууринд шууд дамжуулалт хийгдэж, монголчууд багтаа өргөн хүрээнд дэмжлэг үзүүлсэн нь ч мөн үзэлт нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
