Kingdom Come Deliverance 2-т зориулсан олон тоглогчийн мод

by Саруул Батболд
0 comments

Kingdom Come: Deliverance 2” тоглоомд зориулсан олон тоглогчийн (multiplayer) горимыг хөгжүүлж байна. Гэхдээ энэ нь албан ёсны нэмэлт бус, харин фанатуудын бүтээж буй “мод” (mod) хэлбэрээр хийгдэж байгаа аж. Хэдийгээр төсөл эхний шатандаа яваа ч анхны туршилтууд нь тун ирээдүйтэй харагдаж байна.

Reddit сүлжээний ddesoo хэмээх хэрэглэгч “Kingdom Come: Deliverance 2” тоглоомын өрнөлтэй RPG ертөнцөд олон тоглогч холбогдох боломжтой шинэ модын туршилтын бичлэгийг нийтэлжээ. Бичлэг дээр нэг тоглогч нь гол дүр Хенриг удирдаж буй нөгөө тоглогчоо хөөж байгааг харж болно. Одоогоор дүрүүдийн бүтэц (textures) бүрэн гүйцэд биш, тоглолтын явцад бага зэргийн саатал ажиглагдаж байгаа ч хөгжүүлэлтийн эхний шатанд ийм нарийн системийг нэвтрүүлж байгаа нь том амжилт юм.

Энэхүү ажлыг ганц хүн дагнан хийгээгүй бөгөөд модыг бүтээгч GitHub платформ дээр кодоо нээлттэй байршуулж, бусад хөгжүүлэгчдийг хамтрахыг урьсан нь төслийн явцыг мэдэгдэхүйц хурдасгаж байна.

Тоглоом сонирхогчид энэхүү боломжийг тун аммантай хүлээн авч байгаа ч зарим техникийн асуудлууд хэлэлцүүлэг дагуулж байна. Тухайлбал, тоглогчид нэг хэсэг газраас холдож, өөр өөр бүс рүү явбал яах вэ гэдэг асуултад хөгжүүлэгч “Одоогоор тоглогчид түр зуур хоорондоо синхрончлогдохгүй (тасрах) байгаа. Гэхдээ ирээдүйд нэг тоглогчийн ертөнцөөс объектуудыг ачаалж, бүгдийг нэгэн зэрэг синхрончлох шийдэл төлөвлөж байгаа” гэж хариулжээ.

“Kingdom Come: Deliverance 2” тоглоом нь анхнаасаа олон тоглогчтой байхаар төлөвлөгдөөгүй тул сүлжээний системийг суулгах нь амаргүй даалгавар юм. Үүнтэй ижил төстэй оролдлого “Skyrim Together” мод дээр гарч байсан бөгөөд тогтвортой ажиллах хүртэл хэдэн жилийг зарцуулсан байдаг. Тиймээс KCD2-ийн олон тоглогчийн горимын бүрэн хувилбар ойрын хугацаанд гарахгүй ч явцыг нь ажиглах сонирхолтой байх нь гарцаагүй.

Өнгөрсөн жил Warhorse Studios-ийн зүгээс мод бүтээгчдэд зориулсан албан ёсны багаж хэрэгслүүдийг гаргасан нь фанатуудаа дэмжиж буйн илрэл юм. Жил гаруйн хугацаанд Nexus Mods дээрх KCD2-ийн модуудын тоо анхны хувилбараасаа давж гарсан нь тоглоомын ирээдүйг улам гэрэлтэй болгож байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй