PUBG тоглоомын хэвлэгч Krafton компани 2025 оны санхүүгийн тайлангаа албан ёсоор танилцууллаа. Тайлангаас үзэхэд тус компанийн орлого түүхэндээ анх удаа 2.05 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 22.8 хувиар өссөн дээд амжилт тогтоосон байна. Энэхүү амжилтад PUBG: Battlegrounds франчайз голлох үүргийг гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн мобил хувилбар нь 1.1 тэрбум доллар, харин компьютер сегмент нь 751 сая долларын орлогыг компанидаа авчирчээ.
Орлогын өсөлтөд тоглоомын шинэ горимууд болон дэлхийд алдартай брэндүүдтэй хийсэн хамтын ажиллагаанууд ихээхэн нөлөөлсөн байна. PUBG-ээс гадна тус компанийн шинэ бүтээлүүд болох inZOI болон Mimesis тоглоомууд зах зээлд эрэлттэй байж, тус бүр 1 сая гаруй хувь борлогджээ. Үүний үр дүнд холдингийн үйл ажиллагааны ашиг мөн нэмэгдэж, 717.5 сая ам.долларт хүрсэн байна.
Krafton компани цаашдын хөгжлийн стратегиа хиймэл оюун ухаан дээр суурилуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2026 оны 2-р сарын байдлаар нийт 15 төсөл боловсруулалтын шатандаа явж байна. Ирэх жилүүдэд тэд Subnautica 2, Palworld Mobile, Dinkum Together болон No Law зэрэг хүлээлт өндөртэй тоглоомуудыг худалдаанд гаргаж, бүтээгдэхүүнийхээ хүрээг тэлэхээр зорьж байгаа ажээ.
1 comment
PUBG-ийн нөлөө их байх