Riot Games-ээс VALORANT-ийн улирлын дундах шинэ тэмцээн болох VCT EMEA Clash 2026-ийн форматын дэлгэрэнгүйг ил болголоо. Энэ нь VCT болон бүс нутгийн лигийн багууд анх удаа албан ёсны талбарт нүүр тулан тулалдах онцгой үйл явдал болох юм.
Уг тэмцээн 2-р сарын 19-нөөс 25-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд нийт 12 баг өрсөлдөхөөр болжээ. Үүний 6 баг нь үндсэн VCT EMEA лигийнх бол үлдсэн 6 баг нь Challengers EMEA бүс нутгийн лигээс шалгаран ирэх аж.
Тэмцээний зохион байгуулалтад “Alpha/Omega” сэдэвтэй, хоорондоо нягт хамаарал бүхий хоёр зэрэгцээ “double-elimination” хүснэгтийн системийг ашиглахаар болсон нь сонирхол татаж байна. Хэрэв баг “Альфа” хэсгийн дээд хүснэгтэд хожигдвол “Омега” хэсгийн доод хүснэгт рүү унана. Эсрэгээрээ, “Омега” хэсгийн дээд хүснэгтэд хожигдсон баг “Альфа” хэсгийн доод хүснэгтэд очих зарчмаар тоглолт үргэлжлэх юм.

VСT EMEA Kickoff-ын үр дүнгээр Masters тэмцээнд эрх авч чадаагүй боловч эхний дөрвөн байранд орсон багууд шууд хүснэгтийн хоёрдугаар шатнаас тоглолтоо эхлүүлэх давуу эрх авчээ. Үлдсэн 8 багийн (VCT-ийн 2 баг, Challengers-ийн 6 баг) оноолтыг санамсаргүй байдлаар сугалахаар төлөвлөсөн байна. Гэхдээ VCT-ийн хоёр багийг заавал өөр өөр хүснэгтэд хуваарилахаар журамлажээ.