Саяхан Twitch платформын “Twitch Rivals” салбар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Overcooked 2” тоглоомын тусгай тэмцээн зохион байгуулахаа зарлалаа. “Guild Women” эмэгтэй стримерүүдийн холбоо болон “Honda” компанитай хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ нь гейминг ертөнц дэх эмэгтэйчүүдийн оролцоог алдаршуулах зорилготой юм.
Гэвч зохион байгуулагчид тэмцээний төрлөөр хүнсний ногоо хэрчиж, хоол хийж, цагтай уралдан үйлчилдэг гал тогооны симулятор болох “Overcooked 2”-ыг сонгосон нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулав. Олон хэрэглэгчид үүнийг эмэгтэйчүүдийг зөвхөн “гал тогоотой” холбодог хэвшмэл ойлголтыг дэвэргэсэн, сексист (хүйсийн ялгаварлан гадуурхах) шинжтэй үйлдэл хэмээн үзжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан “Twitch Rivals”-аас албан ёсны тайлбар гаргасан байна. Уг тайлбарт дурдсанаар, тоглоомыг “Guild Women” холбооны гишүүд өөрсдөө санал хураалтаар сонгосон бөгөөд энэ нь аливаа хэвшмэл ойлголтоос ангид, тэдний чөлөөт сонголт байсан гэдгийг онцолжээ. Мөн ивээн тэтгэгч байгууллагын зүгээс хүчирхийлэл, цус нөлөөгүй тоглоом байх ёстой гэсэн шаардлага тавьсан нь сонголтод нөлөөлсөн байна.
Тэмцээнийг цуцлахгүй бөгөөд 3-р сарын 8-ны өдөр төлөвлөсөн ёсоор шууд дамжуулан хүргэх ажээ.