Цахим спортын Team Falcons баг шинэ үеийн тоглогчдыг бэлтгэх зорилгоор Counter-Strike 2 (CS2)-ын академийн баг байгуулснаа албан ёсоор зарлалаа.
Албан ёсны мэдээллийг багийнхаа нийгмийн сүлжээгээр дамжуулан хүргэсэн бөгөөд академийн бүрэлдэхүүнд орох тоглогчдын бүртгэл эхэлсэн байна. Тэдний мэдэгдэлд дурдсанаар, хүн бүр бүртгүүлэх боломжтой ч зөвхөн хамгийн шилдэг нь академид нэгдэх эрхтэй юм.
Академийн баг нь зөвхөн дотоод сургалтаар хязгаарлагдахгүй бөгөөд Team Falcons байгууллагын ивээн тэтгэсэн тэмцээнүүдэд оролцох төлөвтэй байна. Академийг удирдан чиглүүлэх тренерээр мэргэжлийн тоглогч асан Нильс-Кристиан “NaToSaphiX” Силлассен ажиллана.
Team Falcons-ын үндсэн бүрэлдэхүүн энэ үеэр IEM Cologne 2025 тэмцээнд оролцох бэлтгэлээ базааж байгаа бөгөөд тэмцээн 7-р сарын 23-наас 8-р сарын 3 хүртэл Германд LAN форматаар зохиогдох юм.
Энэхүү мэдээг дагалдуулан, саяхан монголын The Mongolz баг мөн CS2-ийн академийн систем нэвтрүүлсэн талаар бид мэдээлж байсан билээ. Энэ нь CS2-ын ирээдүйг тодорхойлох шинэ үеийн тоглогчдыг бэлтгэх өрсөлдөөн аль хэдийн эхэлснийг илтгэж байна.