Нью-Йорк хотын “The Strong National Museum of Play” музей “World Video Game Hall of Fame” буюу Дэлхийн видео тоглоомын алдрын танхимд багтах боломжтой тоглоомуудын нэрсийг зарлалаа. 2026 онд алдрын танхимд нэр дэвшсэн төслүүд:
- Angry Birds
- Dragon Quest
- The Elder Scrolls V: Skyrim
- FIFA International Soccer
- Frogger
- Galaga
- League of Legends
- Mega Man
- PaRappa the Rapper
- RuneScape
- Silent Hill
- Tokimeki Memorial
Нэр дэвшигчдийг соёлын нөлөө, салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, тоглогчдын дундах нэр хүнд болон танигдах байдал зэрэг хэд хэдэн шалгуураар үнэлдэг. Зөвхөн олон сая геймерүүд болон шүүмжлэгчдийн хүлээн зөвшөөрөлтийг авсан, видео тоглоом болон поп соёлын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан тоглоомууд л энэхүү алдрын танхимд багтах эрхтэй юм.
Тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн жил бүр олон мянган нэр дэвшигчээс хамгийн шилдэг төслүүдийг сонгодог. Нэр дэвшигчдийн жагсаалтад орчин үеийн “блокбастер” тоглоомууд бараг байдаггүй нь тухайн тоглоомын салбарт үзүүлэх бодит нөлөөг зөвхөн цаг хугацааны дараа л үнэлэх боломжтой байдагтай холбоотой. Тийм ч учраас 2026 оны нэр дэвшигчид дундаас хамгийн “залуу” нь 2011 онд гарсан алдарт “The Elder Scrolls V: Skyrim” юм.
Сонирхсон хүн бүр гуравдугаар сарын 13-ныг дуустал онлайнаар санал өгөх боломжтой. Тоглогчдын саналыг үндэслэн тодруулсан дөрвөн ялагчийг тавдугаар сарын 7-нд албан ёсоор зарлана. 2026 оны эхний байдлаар Дэлхийн видео тоглоомын алдрын танхимд нийт 49 тоглоом бүртгэгдээд байна.