Пакистаны Лахор хотын шүүх 17 настай Зайн Алид өөрийн эх, ах болон хоёр дүүгээ хөнөөсөн хэргээр нийт 100 жилийн хорих ял оноожээ. Шүүгдэгчид дөрвөн удаагийн насан туршийн ял (нэг бүр нь 25 жил) оноосон бөгөөд нас залууг нь харгалзан цаазаар авах ял оногдуулаагүй байна.
Хэргийг тоглоомын дон өдөөжээ
Энэ хэрэг Зайн Али 14 настай байх үед тохиолдсон бөгөөд тэрээр PUBG тоглоомд донтох болж, ихэнх цагаа өрөөндөө түгжигдэн өнгөрөөдөг байжээ. Эх нь байнга зэмлэж загнадаг байсан бөгөөд тоглоомын зорилтоо биелүүлж чадаагүй үед уур нь нэмэгддэг байсан аж.
Гэмт хэрэг үйлдэх өдөр ч мөн тэрээр тоглоомын зорилгодоо хүрч чадаагүйгээс болж эхтэйгээ маргалдсан байна. Үүний дараа эхийнхээ бууг авч, унтаж байсан эх (45 настай), ах Таймур (20 настай), дүү Махнур (15 настай), Жаннат (10 настай) нарыг буудан хөнөөжээ.
Шүүгч Рияз Ахмедийн онцолсноор, энэ аймшигт гэмт хэрэг хүүгийн тоглоомын хэт дон, сэтгэцийн хямралаас үүдсэн байна.
PUBG бол олон тоглогч оролцдог “battle royale” төрлийн тоглоом бөгөөд 100 тоглогч “сүүлчийн амьд үлдэгч” болохын төлөө өрсөлддөг.