Gang of Dragon төсөл цуцлагдах аюулд ороод байна

by Саруул Батболд
0 comments

Bloomberg” агентлагийн мэдээлснээр, гэмт хэргийн сэдэвт “Gang of Dragon” тулаант тоглоом олны хүртээл болохгүй байх эрсдэл нүүрлээд байна. Хэвлэн нийтлэгч “NetEase” компани тус төслийн санхүүжилтийг зогсоох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд энэ нь тус компанийн сүүлийн үед баримталж буй зардал хэмнэх, өндөр өртөгтэй AAA зэрэглэлийн тоглоомуудаас татгалзах стратегитай холбоотой аж. Энэхүү өөрчлөлтөд “Gang of Dragon”-ыг хөгжүүлж буй “Nagoshi Studio” өртөж болзошгүй байна.

“Bloomberg”-ийн эх сурвалжийн мэдээлснээр, хэвлэн нийтлэгчийн энэхүү шийдвэрийг студийн ажилтнуудад аль хэдийн танилцуулжээ. Санхүүжилтийг ирэх тавдугаар сард бүрэн зогсоож магадгүй байгаа тул хөгжүүлэгч багт шинэ түнш хайх тун богино хугацаа үлдээд байна. Одоогоор нөхцөл байдал нэлээд тодорхойгүй байгааг салбарынхан онцолж байна.

Мэдээлэлд дурдсанаар, “Gang of Dragon” тоглоомыг бүрэн дуусгахад дахин 44 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа нь “NetEase”-ийг ийнхүү ухрахад хүргэсэн гол шалтгаануудын нэг болжээ. Хэрэв “Nagoshi Studio” тоглоомоо бие даан үргэлжлүүлэн хөгжүүлэхээр шийдвэл “NetEase”-ийн зүгээс саад болохгүй ч хөгжүүлэгчид өмнө нь гаргасан бүх зардлыг нөхөн төлөх шаардлагатай болох аж.

“Gang of Dragon” төслийг өнгөрсөн оны сүүлээр “The Game Awards” ёслолын үеэр албан ёсоор танилцуулсан юм. Тоглоомын гол дүрд “Пусан хүрэх галт тэрэг” (Train to Busan) киноны од, жүжигчин Ма Дон Сок тоглож байгаа бөгөөд хэв маягийн хувьд алдарт “Yakuza” цувралын үргэлжлэл мэт сэтгэгдэл төрүүлж байв. Гэвч хөгжүүлэлтийн явцад галт зэвсэг болон тээврийн хэрэгслийн ашиглалтад илүү анхаарсан гэх энэхүү амбицтай төсөл эцсийн дүндээ тоглогчдын гарт очихгүй үлдэх магадлал өндөр байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй