Fortnite тоглоом бүх цаг үеийн хамгийн алдартай анимэйшн цувралуудын нэгтэй шинэ хамтын ажиллагаа (crossover) хийхээр зэхэж байгаа бололтой. Цахим орчинд тархсан мэдээллээр, Looney Tunes-ийн дүрүүд удахгүй тус тоглоомонд зочлох нь. Epic Games-ийн “Battle Royale” төрлийн энэхүү тоглоом нь видео тоглоом, кино цувралаас гадна Eminem, Mariah Carey зэрэг нэрт уран бүтээлчдийн дүрийг скин (тоглогчийн гадаад төрх) болгон оруулдаг хамтын ажиллагаануудаараа алдартай билээ.
Тоглоомын Долдугаар бүлгийн 1-р улирал (Chapter 7 Season 1) аль хэдийнэ олон сонирхолтой контентуудыг танилцуулаад байгаа юм. Үүний дотор South Park цувралын гол дүрүүд болон Картмэнлэнд (Cartmanland) цэцэрлэгт хүрээлэн бүхий шинэ байршлууд нэмэгдсэн. Мөн Fortnite-ийн ертөнцөд The Office цуврал, алдартай аниме Solo Leveling болон HoYoverse-ийн Honkai: Star Rail тоглоомууд нэгдсэн билээ. Одоо Epic Games дараагийн томоохон алхмаа хийхээр бэлтгэж байна.
Хэдийгээр нарийн мэдээлэл хараахан гараагүй байгаа ч шүтэн бишрэгчид Багз Банни (Bugs Bunny), Даффи Дак (Daffy Duck) зэрэг домогт дүрүүдийн скин болон бусад гоёл чимэглэлийн зүйлсийг хүлээж байна. Энэхүү хамтын ажиллагаа 3-р сарын 19-нд эхлэх Долдугаар бүлгийн 2-р улиралтай давхцаж магадгүй юм. Түүнчлэн Epic Games шинэ улирлын нээлттэй хамт Crimson Desert тоглоомын скинийг гаргахаа аль хэдийнэ батлаад байна.
Looney Tunes-ээс гадна ирэх саруудад Game of Thrones болон Kingdom Hearts тоглоомууд Fortnite-д ирэх тухай цуу яриа тархаад байгаа бөгөөд энэ зун Ben 10-тай хамтарсан контент гарах төлөвтэй байна. Үүнээс гадна Epic Games-ийн зүгээс “Save the World” (Ертөнцийг аврах) горимдоо томоохон өөрчлөлт оруулж, ирэх дөрөвдүгээр сард үнэ төлбөргүй болгохоо зарлав.
Хэдийгээр “Battle Royale” нь хамгийн олон тоглогчтой горим ч “Save the World” нь анх худалдаанд гарсанаас хойш есөн жилийн дараа буюу 4-р сарын 16-наас эхлэн хүн бүрт үнэ төлбөргүй (free-to-play) нээлттэй болох юм байна.