Discord нас баталгаажуулах шаардлагаа хойшлуулж, арга барилаа өөрчлөхөөр боллоо

by Саруул Батболд
0 comments

Discord компани дэлхий даяар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан насны албадан баталгаажуулалтаа 2026 оны хоёрдугаар хагас хүртэл албан ёсоор хойшлууллаа. Энэ тухай тус платформыг хамтран үндэслэгч бөгөөд техникийн захирал Станислав Вишневский мэдэгдсэн юм. Тэрээр уг систем яг ямар зарчмаар ажиллах талаар компани хангалттай тайлбар өгч чадаагүй бөгөөд хэрэглэгчдийн хүлээлтэд хүрч ажиллаагүйгээ хүлээн зөвшөөрчээ.

Түүний хэлснээр, нийт хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь аюулгүй байдлын үндсэн тохиргоог өөрчлөх шаардлагагүй тул насны баталгаажуулалт хийх албагүй аж. Харин бусад хэрэглэгчдийн хувьд Discord-ийн дотоод нас тодорхойлох механизмууд хэвээр үйлчлэх юм байна.

Компани мөн хэрэглэгчийн нүүр царайг таних (face scanning) аливаа үйлдлийг үүлэн серверт бус, зөвхөн хэрэглэгчийн өөрийнх нь төхөөрөмж дээр (on-device verification) гүйцэтгэнэ гэдгээ амлалаа. Цаашид Discord зөвхөн энэхүү шаардлагыг хангасан түншүүдтэй хамтран ажиллах бөгөөд шаардлага хангаагүй гадны үйлчилгээнүүдтэй, жишээ нь “Persona”-тай хамтын ажиллагаагаа аль хэдийн зогсоосон байна.

Энэхүү шийдвэрийг хэрэглэгчдийн хүчтэй эсэргүүцэл болон “Discord Nitro” эрхийн цуцлалт ихэссэнтэй холбоотойгоор гаргажээ. Түүнчлэн Их Британи, Австрали зэрэг улсуудад насны хязгаарлалтын хууль тогтоомж хэрэгжиж эхэлсэн нь нөлөөлсөн байна. Компани цаашид үйл ажиллагаагаа ил тод байлгах үүднээс тайлангууд нийтэлж, хэрэглэгчийн нууцлалыг хадгалсан баталгаажуулалтын илүү олон төрлийн аргыг эрэлхийлэхээр төлөвлөж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй