Atomic Heart тоглоомыг хөгжүүлэгч Mundfish студи 2025 онд хийсэн ажлуудынхаа тайлан, ололт амжилт болон 2026 оны төлөвлөгөөг гол тоон үзүүлэлт бүхий инфографикийн хамт олон нийтэд танилцууллаа.
Atomic Heart-ийн нийт тоглогчдын тоо дэлхий даяар 10 саяыг давсан бөгөөд нээлтээ хийснээс хойш хоёр жилийн дараа ч шинэ хэрэглэгчдийг татсаар байна. Тоглоомын “Ихэр роботууд”дүрийн нэр хүнд өндөр хэвээр байгаа бөгөөд 2025 онд Pornhub сайт дээрх хайлт болон үзэлтийн тоогоор хамгийн алдартай тоглоомын дүрүүдийн нэг хэвээр үлдсэнийг хөгжүүлэгчид онцлов.
2025 онд Mundfish-ийн зүгээс хийсэн гол ажлууд:
- Нэмэлт контент: “Гүн тэнгисийн ид шид” хэмээх түүхийн гурав дахь нэмэлт (DLC) болон албан ёсны тоглоомын дууны тавдугаар ботийг гаргасан.
- Видео контент: Ихэр роботууд оролцсон зургаан цагийн урттай видео бичлэгийг толилуулсан.
- Бизнес өргөжилт: Mundfish студи контент хэвлэн нийтлэх шинэ чиглэл болох “Mundfish PowerHouse” брэндийг албан ёсоор эхлүүлсэн нь студийн үйл ажиллагааг зөвхөн тоглоомоор хязгаарлахгүй өргөжүүлэх стратегийн нэг хэсэг болжээ.
- Шинэ төслүүд: Atomic Heart 2 болон шинжлэх ухааны уран зөгнөлт “The Cube” тулаант тоглоомын хөгжүүлэлтийг баталгаажуулсан.
2026 оны төлөвлөгөө болон ирээдүй:
- Эцсийн нэмэлт: Atomic Heart-ийн түүхийг өгүүлэх дөрөв дэх бөгөөд хамгийн сүүлчийн нэмэлт контентыг гаргахаар төлөвлөж байгаа ч одоогоор нэр болон тов нь гараагүй байна.
- Atomic Heart 2: Студийн баг цувралын дараагийн ангийн хөгжүүлэлтэд шилжсэн бөгөөд тоглоом PC болон консолууд дээр гарах юм. Гарах хугацааны талаарх мэдээлэл одоогоор нууц байна.
Atomic Heart анх 2023 оны 2 дугаар сард гарсан бөгөөд Зөвлөлт Холбоот Улсын зэргэлдээ ертөнцийг харуулсан өвөрмөц хэв маяг, дүрслэл болон Ихэр роботууд зэрэг сонирхолтой дүрүүдээрээ оны хамгийн их яригдсан бүтээлүүдийн нэг болсон билээ.