Монголын цахим спортын төлөөлөл болох “Alpha Gaming” баг Тайланд Улсыг зорин мордож, энэ сарын 24-нд эхлэх “PUBG Mobile Global Championship 2025” тэмцээнд оролцохоор бэлтгэгдэж байна. Энэхүү дэлхийн хэмжээний аваргад манай улсаас оролцох эрхээ авсан цорын ганц баг нь тэд бөгөөд Монголын e-sport сонирхогчдын анхаарлын төвд байна.
Тэмцээний урьдчилсан чансаагаар “Alpha Gaming” олон орны багуудаас онооны хувьд дээгүүр байр эзэлж, медальт байр, тэр дундаа түрүүгийн төлөө өрсөлдөх боломжтой багуудын нэгэнд тооцогдож байгаа аж. Тэд өчигдөр Тайланд руу нисч, оршин суух бааздаа буугаад байгаа бөгөөд хэсгийн шатны эхний тоглолтоо энэ сарын 24-нд хийх хуваарьтай байна.
Монголын тоглогчид дэлхийн шилдгүүдтэй ийнхүү мөр зэрэгцэн тоглох нь дотоодын цахим спортын хөгжилд түлхэц болж, залуусыг e-sport-ийн мэргэжлийн карьер руу уриалан дуудах чухал боломж гэж шинжээчид үзэж байна. Монголын фэнүүд онлайн суваг, нэвтрүүлгүүдээр дамжуулан тоглолтыг нь үзэж, багтаа дэмжлэгээ үзүүлэх боломжтой.