Өмнөд Солонгосын алдарт K-pop хамтлаг Aespa хоёр томоохон тоглоомын брэндтэй хамтран ажиллах болсноо зарлалаа. Тэдний шинэ төслүүд PUBG болон Street Fighter 6 тоглоомуудад тус тус хамаарч байна. Энэхүү хамтын ажиллагааг хоёр тоглоомын албан ёсны цахим хуудсуудаар дамжуулан олон нийтэд хүргэсэн юм.
PUBG-д Aespa-ын өнгө төрх шингэнэ
Aespa болон PUBG-ийн коллабораци 2025 оны 7-р сарын 9-нд PC платформ дээр, 7-р сарын 11-нд PlayStation 5 болон Xbox дээр албан ёсоор эхлэх юм. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл хязгаарлагдмал байгаа ч, зэвсгийн skin буюу гоёл чимэглэлүүд болон тоглоомын доторх Aespa-д зориулсан элементүүд гарах магадлалтай гэж үзэж байна.
Түүнчлэн уг хамтын ажиллагааны хүрээнд Aespa хамтлаг “Dark Arts” нэртэй шинэ дуугаа танилцуулсан. Энэ нь PUBG-тэй холбоотой сурталчилгааны видео контентын нэг хэсэг байв.
Street Fighter 6: Juri-д зориулсан Aespa skin болон виртуал Naevis
Харин Street Fighter 6 тоглоомд Aespa-ын уур амьсгалыг илэрхийлсэн Juri персонажийн тусгай skin гарсан. Үүгээр ч зогсохгүй, Aespa-тай холбоотой виртуал шүтээн дуучин Naevis тус тоглоомд шинээр гарч ирж, виртуал комментаторын үүрэг гүйцэтгэх болжээ.
Street Fighter 6 дэх уг коллабораци аль хэдийн эхэлсэн бөгөөд 2026 оны 7-р сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм.
