Discord платформ мэдрэг, насанд хүрэгчдэд зориулсан контент руу хандах эрхийг хязгаарлах зорилгоор нас баталгаажуулах шинэ системийг туршиж эхэллээ. Шинэ туршилтыг одоогоор Их Британи болон Австралид хэрэгжүүлж байгаа бөгөөд ирээдүйд бусад орнуудад нэвтрүүлэх эсэх нь тодорхойгүй байна.
Нас шалгах хоёр хувилбар:
- Нүүр царай таних камерын скан
- Биеийн үнэмлэх, жолооны үнэмлэхийн зураг оруулах
Хэрэглэгч мэдрэг контент руу нэвтрэх, эсвэл тохиргоо өөрчлөх үед нас баталгаажуулах хүсэлт ирэх бөгөөд дээрх хоёр аргын аль нэгийг ашиглан насны шалгуур хангаж буй эсэхийг батална. Шалгалт 2–3 минут үргэлжилсний дараа Discord систем хэрэглэгч рүү насны ангиллын талаарх мэдээлэл бүхий хувийн зурвас илгээдэг.
Хувийн нууцлалыг хэрхэн хамгаалж байна?
Discord-ийн тайлбарласнаар, биометр болон нүүр царайны мэдээллийг хадгалдаггүй, ямар ч мэдээлэл серверт илгээгддэггүй, боловсруулалт нь зөвхөн хэрэглэгчийн төхөөрөмж дээр хийгддэг.
“Энэ бол ганц удаагийн баталгаажуулалт” гэж Discord онцолжээ.
Нас хүрээгүй хэрэглэгч автоматаар хасагдана
Хэрвээ хэрэглэгч Discord ашиглах хамгийн бага насны босгыг хангахгүй бол түүний данс түр түдгэлзэж, хэрэглэгч апелляц гаргах эрхтэй. Баталгаажуулсан хэрэглэгч насны ангиллаа өөрчлөх шаардлага гарвал дахин шалгуулах боломжтой.