FalleN 2026 оны төгсгөлд зодог тайлахаа албан ёсоор зарлалаа

by Саруул Батболд
0 comments

‘Профессор’ хочит тэрээр 1.6 хувилбараас эхлэлтэй, 20 гаруй жил үргэлжилсэн гайхамшигт замналаа өндөрлүүлэхээр боллоо.

20 гаруй жилийн замналын төгсгөл

Габриэль “FalleN” Толедо Рио-де-Жанейро хотын Farmasi Arena-гийн тайзан дээрээс 2026 он дуусахад хулганаа өлгөж, 20 гаруй жил үргэлжилсэн мэргэжлийн замналаа өндөрлүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр тайзан дээрээс хэлэхдээ:

“Дахиад 247 хоног үлдлээ. Энэ жилийн төгсгөлд би та бүхэнтэйгээ хамт CS-ийн хүрээнд өөр зүйлс хийхээр шийдсэн. Би та бүхнийг энэ аялалд дахин 247 хоног надтай хамт байхыг урьж байна. Бидэнд хамтдаа бүтээх зүйлс их байгаа бөгөөд үүний дараа серверээс гадуур ч гэсэн та бүхэнтэйгээ олон зүйл хийх боломж надад гарах болно, гэхдээ Counter-Strike үргэлж миний зүрх сэтгэлд байх болно. Тоглоомоор дамжуулан миний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн шиг, өөр олон тоглогчдын амьдралыг өөрчлөхөд туслах олон зүйлийг бид хийж чадна гэж би бодож байна.”

1.6 хувилбарын үед Complexity болон FireGamers зэрэг багуудтай ESWC, WCG, IEM зэрэг томоохон тэмцээнүүдэд оролцохоос эхлээд CS:GO-д Luminosity болон SK багуудтай гялалзаж, 2015-16 онуудад хоёр дараалан Major тэмцээнд түрүүлсэн хүртэлх энэхүү Бразил ахмад тоглогч нь Бразил улсыг дэлхийн Counter-Strike-ийн газрын зурагт оруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм.

Зөвхөн тоглогчоос илүү нөлөөлөл

FalleN бол Бразилын шилдэг багуудын зүгээр ч нэг тоглогч байсангүй. Өдгөө 34 настай тэрээр Латин Америкт хэрэгжүүлсэн Games Academy төслөөрөө дамжуулан сонирхогчдын түвшинд тоглоомыг хөгжүүлж, сургалтын видео бичлэг, тоглолт болон тэмцээн зохион байгуулах платформ санал болгодог нийгэмлэгийнхээ хамгийн хайртай багш нь байж ирсэн.

Мөн тэрээр MIBR багийн өмсгөлийг өмсөж, Liquid багт олон улсын түвшинд тоглосныхоо дараа Luminosity болон SK багийн хуучин анд нөхөдтэйгөө Last Dance нэрээр эргэн нэгдсэн билээ. Энэхүү баг нь сүүлдээ Imperial нэрийн дор PGL Antwerp Major-ийн Legends шатанд хүрч, бүхэл бүтэн үндэстнийхээ сэтгэлийг догдлуулж чадсан юм.

FURIA болон эцсийн зогсоол

FalleN замналаа багийн ахлагч (in-game leader)-ийн хувиар өндөрлүүлэх бөгөөд энэ нь түүний одоогийн тоглож буй FURIA багт хамгийн тод харагдаж байна. Тэд хамтдаа дараах томоохон тэмцээнүүдэд цом өргөсөн:

  • BLAST Rivals 2025 Season 2
  • IEM Chengdu 2025
  • FISSURE Playground 2

Үүнээс гадна тэрээр залуу тоглогч Данил “molodoy” Голубенког чиглүүлэн зөвлөж, түүнийг ‘Оны шилдэг шинэ тоглогч’ төдийгүй 2025 оны дэлхийн 6 дахь шилдэг тоглогч болоход нь тусалсан юм.

Нулимс дуслуулан зогсох FalleN үгээ өндөрлөхдөө:

“Өнөөдөр энд олноороо ирсэн байгаа гэр бүлийнхэндээ, мөн өнгөрсөн 23 жилийн турш намайг болзолгүйгээр дэмжиж ирсэн эхнэр Летисиадаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн багийн андууддаа маш их баярлалаа. Ирээдүйд та нар минь надад маш их үгүйлэгдэх болно.”

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй