Microsoft компани тоглоомын ертөнцөд жинхэнэ хувьсгал хийхээр зэхэж байгаа бөгөөд дараагийн үеийн Xbox консол нь өмнөх загваруудаасаа эрс ялгаатай байх тухай Windows Central мэдээллээ. Шинэ төхөөрөмж нь үндсэндээ Windows 11 үйлдлийн систем дээр суурилсан, зурагтад зориулсан тусгай интерфэйс бүхий хүчирхэг тоглоомын компьютер болон хувирах гэж байна. Энэхүү шилжилт нь хэрэглэгчдэд зөвхөн консолын тоглоомуудаар хязгаарлагдахгүй, Steam болон Epic Games Store зэрэг гуравдагч талын платформуудыг суулгаж, компьютерын бүхий л програм хангамжийг ашиглах боломжийг олгох юм. Хэрэглэгчид хүссэн үедээ консолын горимоос Windows-ийн бүрэн горим руу шилжиж болохоос гадна өмнөх үеийн бүх тоглоомуудтайгаа (Xbox Series, One гэх мэт) бүрэн нийцэж ажиллах давуу талтай.
2027 он: Лиза Су болон AMD-ийн амлалт
Шинэ консол худалдаанд гарах хугацааг AMD-ийн гүйцэтгэх захирал Лиза Су саяхан баталгаажууллаа. Тэрээр Microsoft-той хамтран боловсруулж буй “custom SoC” чипний ажил маш амжилттай явагдаж байгаа бөгөөд 2027 онд зах зээлд гаргахаар төлөвлөж байгааг онцолсон юм. Хэдийгээр Microsoft-ийн зүгээс 2027 оныг урьдчилсан төлөвлөгөө гэж үзэж байгаа ч энэ нь Windows 11 үйлдлийн систем консолын орчинд хэр зэрэг тогтвортой ажиллахаас шууд хамаарах ажээ. Одоогоор шинэ платформын үнэ тодорхойгүй байгаа ч одоогийн ашиглаж буй Xbox Series X болон Series S загваруудыг урт хугацаанд үргэлжлүүлэн дэмжихээ компани амлаж байна.
Түншлэл ба ирээдүйн загварууд
Энэхүү төсөл нь Xbox-ийн түүхэн дэх хамгийн амбицтай техник хангамжийн санаачилгад тооцогдож байна. Microsoft зөвхөн өөрсдөө консол үйлдвэрлээд зогсохгүй ASUS зэрэг томоохон түншүүдтэй хамтран ажиллаж, өөр өөр үнэ болон хэмжээ загвартай (portable болон суурин) хэд хэдэн хувилбаруудыг санал болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр тоглоомчид өөрийн хэрэгцээ, төсөвт тохирсон “Xbox компьютер”-ийг сонгох өргөн боломжтой болох юм.