“The MongolZ” баг Үндэсний шигшээд багтсанаар гадаад тэмцээнд оролцох эрх нээгдэв

by Саруул Батболд
2 comments

Сүүлийн үед цахим сүлжээнд и-спортын “The MongolZ” багийг төрөөс шагнал урамшуулал олгох, гавьяат тамирчин цол хүртээх ёстой гэсэн санал өрнөж буй. Гэвч Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам энэ асуудлаар:

Ч.Номин сайдын үед Биеийн тамир, спортын улсын хороогоор тодорхой хэмжээний санхүүжилт олгосон. Тэд өөрсдийн хүсэл сонирхлоороо тоглож, олон улсад амжилт гаргаж байгаа. Улсын төсвөөс заавал мөнгө өгөх хууль дүрэм байхгүй. Татвар төлөгчдийн мөнгийг зөв ойлгож, улс орныхоо эрх ашгийг бодоосой гэж хүсэж байна” гэж мэдэгдсэн юм.

Энэ байр суурийн дараа “The MongolZ” баг өөрийн цахим хуудсаараа дамжуулан:

The MongolZ Esports Organization татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, авах ч үгүй. Манай баг улс төрийн ямар нэгэн нөлөөнд хамааралгүй, ямар ч холбоонд харьяалагддаггүй” хэмээн хариу өгсөн билээ.

Мөн тус баг олон улсын тэмцээнд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр тоглож буй нь тэдний арын албыг санхүүгийн хувьд тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлж байна.

Ч.Номингийн тушаал ба Үндэсний шигшээд багтах шийдвэр

2025 оны гуравдугаар сарын 18-нд тухайн үеийн сайд Ч.Номин “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх тухай” А/82 дугаартай тушаал гаргажээ. Энэ тушаалаар спортын төрлүүдийн холбоодын жагсаалт, орон тооны хязгаарыг баталж, гэрээ байгуулж санхүүжүүлэхийг Биеийн тамир, спортын улсын хороонд даалгасан байна. Ингэхдээ “Монголын электрон спортын холбоо”-ноос таван тамирчин, нэг дасгалжуулагчийг шигшээ багт багтаасан нь “The MongolZ”-ын тоглогчид байсан.

Ингэснээр олимп, паралимпын эрх олгох төрөлд багтдаггүй и-спортын баг үндэсний шигшээ багийн статустай болсон нь хууль журамтай нийцэж байгаа эсэх талаар эргэлзээ үүсгэж байна.

“Ногоон паспорт”-ын давуу байдал

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, багийнхны үндсэн зорилго нь шууд цалин, урамшуулал бус харин “ногоон паспорт” авах боломжтой болох явдал байв. Энэ нь дипломат, албан гадаад паспорт бөгөөд Үндэсний шигшээ багийн тамирчдад олгодог эрх. Ингэснээр “The MongolZ” багийнхан гадаадын томоохон тэмцээнүүдэд оролцоход виз, зөвшөөрлийн хүндрэлгүй болжээ.

Гэвч багийнхан улсын төсвөөс санхүүжилт авсан эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа тул энэ асуудлаар цаашид мэдээлэл өгөх юм байна.

You may also like

2 comments

Ясавур 9 сар 19, 2025 - 14:34

Маш том боломж нээгдэж байна даа, амжилт хүсье

Reply
Хутулаха 9 сар 19, 2025 - 15:00

Залуусыг үргэлж дэмжинэ ээ, үнэхээр гайхалтай мэдээ

Reply

Leave a Comment