Valve компани “Counter-Strike: Global Offensive” (CS:GO) тоглоомоор тэмцээн уралдаан зохион байгуулах тусгай зөвшөөрлийг операторуудад олгохгүй гэдгээ “Dust2.us” порталд албан ёсоор баталлаа. Ингэснээр зохион байгуулагчид CS:GO-оор албан ёсны тэмцээн явуулах хууль ёсны эрхгүй болж байна.
CS:GO эргэн ирсэн ч кибер спортгүй үлдлээ
Саяхан Valve компани CS:GO-ийг “Counter-Strike 2”-оос салгаж, Steam дээр тусдаа “App ID” бүхий бие даасан аппликейшн болгон гэнэт дахин гаргасан билээ. Үүний дараа тоглоомын хандалт огцом өсөж, нэгэн зэрэг тоглох хүний тоо 60,000-ыг даваад байсан юм. CS:GO ийнхүү бие даасан хувилбараар эргэн ирсэн нь тоглогчдын дунд хуучны (throwback) тэмцээнүүдийг дахин зохион байгуулах хүлээлт, ностальги үүсгээд байв. Гэвч Valve-ийн зүгээс кибер спортын хувьд эргэн ирэлт байхгүй гэдгийг хатуу мэдэгдлээ.
Хуучин хувилбаруудад “ногоон гэрэл” асаалттай байна
Сонирхолтой нь, Valve-ийн баримталж буй байр суурь тоглоомын хувилбаруудаас хамаарч өөр өөр байна. Компани цувралын бусад сонгодог хувилбарууд болох:
- Counter-Strike 1.6
- Counter-Strike: Source
зэргээр тэмцээн зохион байгуулах лицензийг үргэлжлүүлэн олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн хуучин хувилбарууд нь албан ёсны зөвшөөрөл авч чадаж байгаа бол CS:GO-д ийм боломж олгосонгүй.