Амралтын өдрүүдээр Будапештэд Counter-Strike 2-ийн сүүлийн Major тэмцээний группын шат өндөрлөж, дэлхийн аваргын цолын төлөө тоглох шилдэг найман баг тодорлоо. Тэдний дунд Монголын шилдэг баг The MongolZ амжилттай шалгарч, плей-оффт хүч үзэхээр боллоо. Одоо тэд StarLadder Budapest Major 2025-ийг түрүүлж дуусгах бодит боломжтой багуудын нэг болж байна.
Группын шатанд 3–1 – хатуу эхлэл, хүчтэй финиш
Мейжорт урилга илгээх үед The MongolZ Valve-ийн дэлхийн чансаанд 1-р байрт бичигдэж байсан тул тэмцээнийг хамгийн сүүлийн буюу гуравдугаар шатнаас эхэлсэн. Энэ нь нэг талаар давуу тал мэт боловч, нөгөө талаас тоглолтын практик дутмаг байдал анхны тоглолтод асуудал дагууллаа.
Эхний тоглолтод монголчуудын өрсөлдөгчөөр өмнөх хоёр шатанд аль хэдийн 9 тоглолт хийж “халсан” Imperial баг таарч, овертаймд 14:16-аар хожигдов. Иймэрхүү “хүйтэн стартад” Vitality, Falcons зэрэг топ багууд ч өртөж, эхний тоглолтоо FaZe Clan, B8 зэрэг чансаагаар доор багуудад дутуу гарсан.
Гэхдээ энэ анхны цохилт хангалттай “сэргээш” болж, The MongolZ дараагийн гурван тоглолтоо дараалан хожлоо.
- vs Liquid – Монголчууд нэг ч удаа онооны талаасаа араас нь хөөцөлдсөнгүй, тоглолтыг эхнээс нь удирдан 13:9-өөр хожив. Шинэхэн тоглогч controlez гайхалтай эйс хийж, 1.31 рейтингээр багийн шилдэгээр тодорсон.
- vs FaZe Clan – Тоглолт эхэндээ тэнцвэртэй өрнөж, The MongolZ пистолет тоглолт болон эхний хагаст хэдэн чухал раундыг алдан 6:6 гэсэн тэнцээтэй завсарлав. Харин хамгаалалтын талд монголчууд жинхэнэ хүчээ харуулж, бомбыг ердөө нэг л удаа дэлбэрүүлэх боломж олгон, эцэст нь 13:7-оор хожлоо. Тоглолтын баатар нь снайпер 910 байв – тэр 24 килл (түүнээс 17 нь хамгаалалт дээр) авч, асар өндөр 2.0 рейтинг бүртгүүлжээ.
- vs G2 – Плей-оффын эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолт хамгийн амархан нь байлаа. The MongolZ өөрсдийн сонгосон Ancient дээр өрсөлдөгчөө 13:4-өөр бут ниргэж, дараа нь G2-ийн сонголт Dust2-т 13:6-гаар дахин хожсон. Ингэснээр олон улсын брэнд 1xBet-ийн гол түнш The MongolZ группын шатыг 3–1 үзүүлэлттэй дуусган плей-оффт шалгарлаа.
Плей-оффт The MongolZ-ийн боломж
StarLadder Budapest Major 2025-ийн финалын шат мэйжоруудын түүхэнд хамгийн өрсөлдөөнтэй нэг болж байна. Шилдэг найман багийн дунд Valve-ийн шинэчилсэн чансааны дагуу дэлхийн топ-7 багийн 7 нь багтжээ: FURIA, Falcons, Vitality, MOUZ, Spirit, The MongolZ, NAVI.
Энэ “элит” багуудаас арай доогуурт тооцогдох ганц баг нь VRS чансаагаар 12-т бичигдэж буй FaZe Clan. Гэхдээ тэд энэ тэмцээнд жинхэнэ ур чадвараа сэргээж, мэйжорын түүхэнд анх удаа гурван шаттай бүх группийн шатыг туулан плей-оффт гарсан анхны баг болж чадсан.
Плей-офф 12-р сарын 11-нд шөвгийн наймын тоглолтуудаар эхэлж, 14-нд гранд финалаар өндөрлөнө. Дэлхийн аварга болохын тулд баг бүр ердөө 3 хожил авахад хангалттай ч, ганц хожигдол шууд гэрийн зүг буцах шалтгаан болно.
Vitality-тай дахин учрах нь – өшөө авах боломж
Шөвгийн наймд The MongolZ-ийн анхны өрсөлдөгч нь Vitality. Монголчууд энэ багтай өмнө нь BLAST.tv Austin Major 2025-ийн гранд финалд тулаж, аваргын цолыг француудад алдаж байсан.
Харин өнгөрсөн хагас жилийн хугацаанд Vitality “ялагдашгүй” гэсэн нэр хүндээ бага зэрэг алдаж, тоглолт нь тогтворгүй болоод байна. Иймээс The MongolZ-д энэ удаа АНУ-д алдсан цолоо “өшөө авах” бодит боломж нээгдэж байна.
Spirit эсвэл Falcons – хэнтэй нь хагас шигшээд учрах вэ?
Хэрэв The MongolZ Vitality-г давж чадвал, хагас шигшээд Spirit vs Falcons хосын ялагчтай тоглоно. Сүүлийн сар гаруйн хугацаанд “Луу” Spirit баг IEM Chengdu 2025, BLAST Rivals Fall 2025 дээр Falcons-т хоёр удаа дараалан ялагдсан. Тиймээс мэйжорын плей-оффт анх удаа гарсан Falcons илүү урамтай, илүү өөртөө итгэлтэй байж магадгүй.
Гэхдээ монголчуудын хувьд Spirit ч бай, Falcons ч бай хоёр баг аль аль нь дийлшгүй биш. Иймээс The MongolZ-ийн гранд финалд хүрэх боломжийг нухацтай ярих бүрэн үндэслэл бий.
Болзошгүй финал – The MongolZ vs FURIA?
Хэрэв бүх зүйл таамаглалын дагуу өрнөвөл гранд финалд The MongolZ-ийг энэ тэмцээний “эцсийн босс” хэмээн нэрлэгдэж буй FURIA баг угтаж магадгүй.
Бразилчууд Budapest Major дээр одоогоор ялагдаагүй, шөвгийн наймд NAVI-г давж, хагас шигшээд MOUZ vs FaZe Clan хосын ялагчтай тоглоно гэж үзэж болно.
Ирээдүйн боломжит The MongolZ vs FURIA финалын үр дүнг яг таг хэлж чадах хүн байхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой – Монголын киберспортын фэнүүд дэлхийн анхны CS2 мэйжорын Монгол аварга төрнө гэж чин сэтгэлээсээ найдан хүлээж байна.