“The Mongolz” баг Бухарестын тайзнаа “Wildcard Gaming”-ийг буулган авч, плей-оффд шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

Румын улсын нийслэл Бухарест хотноо зохион байгуулагдаж буй “PGL Bucharest 2026” тэмцээний хэсгийн шатны шийдвэрлэх тулаанууд өрнөж байна. Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 7-ны өдөр Монголын “The MongolZ” баг АНУ-ын “Wildcard Gaming”-тай хүч үзэж, 2:0 харьцаатайгаар илт давуу ялалт байгууллаа. Энэхүү амжилт нь манай багийг тэмцээний шилдэг найман багийн нэг болгож, плей-оффын шатанд албан ёсоор өрсөлдөх эрхийг нээж өгсөн юм.

“Best-of-3” форматаар явагдсан уг тоглолтын эхний мап болох Dust 2 дээр 13:11 харьцаатай ширүүн өрсөлдөөн өрнөсөн бол удаах Nuke мапт 13:8-аар The MongolZ баг давамгайлж, тоглолтыг төвөггүйхэн дуусгалаа. Харин “Wildcard” багийн хувьд хэсгийн шатанд 2-2 гэсэн амжилттай үлдэж, дараагийн шатанд шалгарах эцсийн боломжоо ашиглахаар хүлээхээр болов. Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс шигшээ тоглолтыг “best-of-5” системээр, харин бусад бүх шатны тоглолтыг “best-of-3” форматаар явуулж байна.

Уг тэмцээнд оролцож буй багуудын үндсэн бүрэлдэхүүн:

  • The MongolZ: Анарбилэг “cobrazera” Ууганбаяр, Аюуш “mzinho” Батболд, Өсөхбаяр “910” Банзрагч, Гаридмагнай “bLitz” Бямбасүрэн, Содбаяр “Techno” Мөнхболд.
  • Wildcard Gaming: Неманья “nEMANHA” Дукич, Жексон “Peeping” Корнвелл, Итан “reck” Серрано, Милош “mhL” Кнасяк, Жейдан “HexT” Постма.

4 дүгээр сарын 4-нөөс 11-ний хооронд үргэлжлэх тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг уригдан оролцож байгаагаас ердөө найм нь л үндсэн шатанд тунаж үлдэнэ. “The MongolZ” баг хэсгийн шатнаас ийнхүү итгэл төгс шалгарсан нь тэдний ур чадвар, бэлтгэл сургуулилт өндөр байгааг харууллаа. Одоо тэд Румын улсын Бухарест хотод болох хасагдах шатны хариуцлагатай тоглолтуудад бэлтгэж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй