Take-Two-ийн тэргүүн хиймэл оюун ухаан яагаад GTA шиг тоглоом бүтээж чадахгүйг тайлбарлалаа

by Саруул Батболд
0 comments

Take-Two-ийн гүйцэтгэх захирал Штраус Зельник орчин үеийн хиймэл оюун ухааны (AI) технологиуд GTA 6 шиг өргөн далайцтай тоглоом бүтээхэд хүний бүтээлч сэтгэлгээг орлож чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Тэрээр The Game Business-д өгсөн ярилцлагадаа эдгээр хэрэгслүүд ажлыг хурдасгаж болох ч жинхэнэ “хит” бүтээлийг бий болгож чадахгүй гэдгийг тайлбарлажээ.

“Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүн бүр хит тоглоом бүтээнэ гэсэн онол логик шалгуурыг давахгүй” хэмээн Зельник онцолсон байна.

Түүний хэлснээр, тоглоомын салбар үйлдвэрлэлийг сайжруулахын тулд технологийг аль эртнээс ашиглаж ирсэн боловч амжилтын гол хүчин зүйл болох хүний бүтээлч байдлыг юу ч өөрчилж чадахгүй аж. Хиймэл оюун ухаан тоглоомын зарим хэсгийг бүтээх эсвэл үйл явцыг хурдасгахад тусалж болох ч бүтээлч алсын харааг орлох боломжгүй юм.

“Эдгээр хэрэгслүүд танд ассет (asset — тоглоомын доторх объект, зураг гэх мэт эд зүйлс) бүтээхэд тусалж болох ч хит бүтээл туурвихад тус болохгүй” гэж тэрээр тайлбарлав.

Зельник технологиуд контентыг хурдан гаргах боломж олгодог ч энэ нь эцсийн бүтээгдэхүүний чанарт нөлөөлдөггүйг онцоллоо. Жил бүр мянга мянган тоглоом гардаг ч тэдгээрийн дунд жинхэнэ хит бүтээл цөөн байдаг бөгөөд тэднийг голдуу томоохон студиуд эсвэл хүчирхэг “инди” багууд бүтээдэг байна.

“Ийм хэмжээний хит бүтээл туурвихад хүний оролцоо, бүтээлч сэтгэлгээ зайлшгүй шаардлагатай” гэж тэрээр нэмж хэлэв.

Түүнчлэн тэрээр өнгөрсөн үеийн технологийн хөгжилтэй харьцуулалт хийжээ. Түүний үзэж буйгаар хиймэл оюун ухаанаас эмээх явдал нь тооны машин гарч ирэхэд математик сурах хэрэггүй болно гэж сандарч байсан үетэй ижил төстэй харагдаж байна.

“Намайг хүүхэд байхад эцэг эхчүүд тооны машинаас болж сандардаг байсан. Хүүхдүүд математик сурахаа болино гэж эмээж байсан ч математикийг өнөөдрийг хүртэл заасаар л байна.”

Үүний зэрэгцээ тэрээр шинэ хэрэгслүүд салбарт орж ирэх босгыг намсгаж байгааг хүлээн зөвшөөрсөн ч амжилтын томьёог өөрчилж чадахгүй гэж үзэж байна. Түүний бодлоор тоглоомын салбар зөвхөн технологиос бус, багуудын авьяас чадвараас цаашид ч хамааралтай хэвээр байх болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй