Цахим спортын дэлхийн хэмжээний нэр хүндтэй шинжээч, тайлбарлагч Судхен “Bleh” Вахенгбам Азийн Counter-Strike-ийн хөгжил болон түүнээс төрөн гарсан шилдэг тоглогчдын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр сүүлийн хорин жилд Ази тивээс дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн “супер од” маш цөөн төрснийг онцлоод, тэдний нэгээр М.Азбаяр буюу “Senzu”-г нэрлэсэн байна.
Азийн CS-ийн түүхэн дэх “Цөөнх”
Bleh-ийн үзэж буйгаар Азийн бүс нутагт чадварлаг багууд олон байсан ч хувь тоглогчийн ур чадвараараа дэлхийг шуугиулж, “супер од” гэх тодотголд хүрсэн нь тун ховор аж. Тэрээр өөрийн санаанд бууж буй хэдхэн домгийг дурдсан байна:
- Jungle (Хятад): 2000-аад оны эхэн үеийн Хятадын домогт тоглогч.
- solo (Өмнөд Солонгос): CS 1.6 хувилбарын дэлхийн шилдэг тамирчдын нэг.
- BnTeT (Индонез): TyLoo болон Gen.G багуудад тоглож, Азийн CS-ийн нүүр царай болж байсан хүчирхэг тоглогч.
“Senzu бол үнэхээр онцгой тоглогч”
Шинжээч Bleh эдгээр домогт тоглогчидтой Senzu-г эн зэрэгцүүлэн үнэлж байгаа нь Монголын цахим спортын тамирчдын ур чадвар ямар түвшинд хүрснийг харуулж байна.
“Senzu бол үнэхээр онцгой тоглогч. Түүнийг эргэн ирнэ гэдэгт найдаж байна.” — Судхен “Bleh” Вахенгбам
Senzu-ийн хувьд 2025 оны дэлхийн шилдэг 20 тоглогчийн 13 дугаарт жагссанаар HLTV-ийн чансаанд багтсан Монголын анхны тамирчин болсон билээ. Түүний тоглолтын хэв маяг, өөртөө итгэлтэй байдал болон чухал үед гаргадаг шийдвэрүүд нь дэлхийн шинжээчдийн анхаарлыг ийнхүү татсаар байна.
“The MongolZ” ба ирээдүйн хүлээлт
Хэдийгээр Senzu одоогоор сэлгээний суудалд шилжсэн ч, түүнийг дэлхийн тавцанд дахин хүчтэй эргэн ирж, Азийн цахим спортын түүхийг үргэлжлүүлэн бичнэ гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна. Түүний энэхүү нөөц бололцоо нь шинэ тоглогч “cobrazera”-тай нэгдсэн “The MongolZ” багийг 2026 онд улам сонирхолтой болгож байгаа юм.
