“Senzu”-ийн баг Мэйжорт шалгарах боломж буурч байна

by Саруул Батболд
0 comments

Цахим спортын “CS2” төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Мэйжор ирэх зургадугаар сард Германы Кёльн хотноо зохион байгуулагдана. Тус тэмцээнд Европ, Америк, Ази гэсэн гурван бүс нутгаас нийт 32 баг оролцох бөгөөд эрхийг “Valve” компанийн VRS чансаагаар олгож байгаа юм.

Багууд энэ чансаанд байр ахихын тулд олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож, ялалтаар оноо цуглуулах шаардлагатай. Энэ үзүүлэлтээр “The MongolZ” баг Азидаа илт тэргүүлж, дэлхийн эхний аравт бичигдэж байна. Мөн Ази бүсээс оролцох боломжтой багуудад “NEXVOID”, “The Huns”, “Chinggis Warriors”, “BMZ” зэрэг багууд нэрлэгдэж байгаа ч чансааны оноо цуглуулах нь шийдвэрлэх хүчин зүйл хэвээр байна.

Харин М.Азбаяр “Senzu”-ийн тоглож буй “Passion UA” багийн хувьд нөхцөл байдал хүндрээд байна. Тэд 2026.03.25-нд Румын улсад эхэлсэн “BC.Game Masters” тэмцээнээс хожилгүй хасагдаж, “BASEMENT BOYS”, “Tricked Esport” зэрэг багуудад ялагдал хүлээлээ.

Одоогийн байдлаар:

  • “Passion UA” баг Америкийн бүсийн 17 дугаарт бичигдэж байна
  • Багийн VRS оноо 1147
  • Аравдугаар байрт буй “Gaimin Gladiators” 1229 оноотой

Ирэх Мэйжорт Америк тивээс 10 баг оролцох тул “Passion UA” чансаагаа богино хугацаанд ахиулах шаардлагатай болжээ. Үүний тулд Бухарест хотноо энэ Ням гаригт эхлэх “DraculaN” тэмцээний зургадугаар улиралд өндөр амжилт үзүүлэх шаардлага үүсээд байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй