GDC (Game Developers Conference) хөгжүүлэгчдийн чуулганы үеэр “Sandfall Interactive” студи нэгэн сонирхолтой мэдээллийг хуваалцлаа. Тэд “Clair Obscur: Expedition 33” тоглоомоо бүтээхдээ Unreal Engine 5-ын визуал скрипт болох Blueprints системийг голлон ашигласан бөгөөд C++ хэл дээр код бараг бичээгүй байна.
Танилцуулгын үеэр үзүүлсэн слайдуудад тоглоомын геймплэй болон бүх системүүдийг уламжлалт код биш, харин Blueprints ашиглан шийдсэн болохыг дурджээ. Хөгжүүлэгчдийн баг Unreal Engine-ийн бэлэн функцуудыг дээд зэргээр ашигласнаар гүнзгий түвшний програмчлалгүйгээр тоглоомын үндсэн хэсгүүдийг босгож чадсан байна.
Төсөл дээр ердөө цөөн тооны програмчлагч ажилласан бөгөөд тэд маш бага хэмжээний C++ код бичжээ. Тэр ч байтугай тулааны нарийн механизмуудыг UE-ийн дотоод хэрэгсэл болох Sequencer дээр суурилан хөгжүүлсэн байна. Энэхүү туршлага нь орчин үеийн тоглоомын хөдөлгүүрүүд (Engine) код бичих шаардлагыг хэрхэн хөнгөвчилж, уран бүтээлчдэд илүү их боломж олгож байгааг харууллаа.