ESL байгууллагаас 2026 оны Intel Extreme Masters (IEM) Atlanta тэмцээний үндсэн шат болон хаалттай сонгон шалгаруулалтад оролцох багуудын жагсаалтыг албан ёсоор танилцууллаа. Урилгыг 2026 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Valve Regional Standings (VRS) чансааг үндэслэн олгосон байна. Зарим багууд тодорхой шалтгааны улмаас урилгаас татгалзсан тул тэднийг чансааны дараагийн багуудаар орлуулжээ.
Тэмцээний үндсэн шатанд нийт 16 баг өрсөлдөх бөгөөд тэд найм наймаараа хоёр хэсэгт хуваагдаж, “double elimination” форматаар тоглох юм. Хэсэг тус бүрээс шалгарсан шилдэг гурван баг плей-оффт шалгарч, нийт 1,000,000 ам.долларын шагналын сан болон ESL Grand Slam-ын төлөөх чухал онооны төлөө хүч үзнэ. Харин үндсэн шатны үлдсэн эрхүүдийг Глобал болон Америкийн хаалттай сонгон шалгаруулалтаас тодруулах бөгөөд эдгээр шалгаруулалтын ялагчид Атлантаг зорих тасалбараа өвөртлөх ажээ.

Чухал хугацаа болон тавигдах шаардлага
Багууд үндсэн шатанд оролцох бүрэлдэхүүнээ 2026 оны 4 дүгээр сарын 27-ны дотор эцэслэх ёстой бол хаалттай сонгон шалгаруулалтын бүрэлдэхүүнээ бүртгүүлэх хугацаа 2-р сарын 8-нд дуусгавар болж байна. Багуудын хэсгийн оноолтыг 4 дүгээр сарын 28-нд зарлах бөгөөд тэмцээнд оролцохын тулд урилга авах үед байсан үндсэн бүрэлдэхүүнийхээ олонхийг хэвээр хадгалсан байх шаардлагатай. Энэ нь багуудыг тогтвортой байлгах, чансааг шударга тогтоох гол нөхцөл болж байна.
2 comments
Үзэхэд маш сонирхолтой болох нь ээ
Энэ тэмцээнийг их хүлээж байсан