Хидео Кожима Death Stranding 2 тоглоомд шинэ контент болон хардкор горим нэмлээ

by Саруул Батболд
0 comments

Death Stranding 2: On the Beach тоглоомын PC хувилбар гарахад ердөө хоёр хоног үлдлээ. Хидео Кожимагийн өндөр үнэлгээтэй энэхүү бүтээл анх 2025 оны зургаадугаар сард PlayStation 5 дээр онцгой эрхтэйгээр гарч байсан бол одоо компьютер дээр тоглох боломжтой болж байна.

Хөгжүүлэгчдийн мэдээлснээр PC хувилбар нь бүх төрлийн удирдлага болон хэт өргөн дэлгэцийг дэмжихээс гадна NVIDIA DLSS 4, AMD FSR 4, Intel XeSS 2 зэрэг дүрслэлийн хамгийн сүүлийн үеийн технологиудыг ашиглажээ. Мөн Guerrilla Games студиэс Decima хөдөлгүүрт зориулж тусгайлан бүтээсэн Pico масштабын технологийг (дүрсний чанарыг сайжруулах техник) анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд энэ нь ямар ч төрлийн видео картанд тохирч, кадр үүсгэх бусад аргуудтай хослон ажиллах боломжтой юм.

Гэвч шинэчлэлт зөвхөн техникийн сайжруулалтаар хязгаарлагдсангүй. Кожима тоглогчдыг гайхшруулах шинэ контентуудыг бэлтгэжээ. Тэрээр подкастдаа PC хувилбар гарахтай зэрэгцэн Death Stranding 2: On the Beach тоглоомд томоохон шинэчлэлт орно гэдгийг дурдсан байна. Үүнд өмнө нь хасагдаж байсан бодит жүжигчид оролцсон хэсгүүд багтсан бөгөөд гол дүр Сэмийн зүүдлэх хачирхалтай, түгшүүртэй зүүднүүд нэмэгджээ. Мөн шинэ тоноглол хэрэгслүүд болон түүний өрөөнд байх аймшигтай муур зэрэг сонирхолтой элементүүд нэмэгдсэн байна.

Илүү хүнд сорилт хүсэж буй тоглогчдод зориулж To The Wilder хэмээх хүндрүүлсэн горим болон Нил зэрэг боссуудтай дахин тулалдах боломжийг нэмжээ.

PlayStation 5-ын хэрэглэгчид ч орхигдсонгүй. Тус консолд зориулж тоглоомыг илүү кино мэт харагдуулах 21:9 Ultrawide горим нэмэгдэхээс гадна тоглогчдын санал хүсэлтэд үндэслэн тоглоомын тэнцвэр болон механикт зарим өөрчлөлт оруулсан байна.

Death Stranding 2: On the Beach тоглоомын PC хувилбар болон энэхүү томоохон шинэчлэлт гуравдугаар сарын 19-нд албан ёсоор гарна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй