Америкийн кино жүжигчдийн гильд (SAG-AFTRA) АНУ-ын Үндэсний хөдөлмөрийн харилцааны хороонд (NLRB) Epic Games болон түүний охин компани Llama Productions-ийн эсрэг гомдол гаргалаа.
Гомдлын шалтгаан нь “Fortnite” тоглоомд Дарт Вейдерийн дүрийг AI (хиймэл оюун ухаан)-аар дуу оруулан оруулсан явдал юм. Үүнийг жүжигчдийн холбоотой урьдчилан тохиролцолгүйгээр хийсэн нь хөдөлмөрийн эрх зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Джеймс Эрл Жонс — дуу хоолойн эзэн
Домогт жүжигчин Жеймс Эрл Жонс нь “Оддын дайн” цувралын гол антагонист Дарт Вейдерийн анхны дуу хоолойг бүтээж, олон нийтэд энэ дүрийн бэлгэ тэмдэг болсон. Жонс 2024 онд таалал төгссөн бөгөөд кино төсөлд зориулсан архивын бичлэг ашиглах зөвшөөрлийг Lucasfilm-д олгож байсан. Гэвч тоглоомд ашиглах эрхийг зөвшөөрөөгүй, зөвхөн түүний гэр бүлийнхэн зөвшөөрсөн ч SAG-AFTRA-тай хэлэлцээгүй гэдэг нь асуудал дагуулж байна.
Хиймэл оюун ухаан ашигласан — гэхдээ хууль зөрчиж болзошгүй
Fortnite тоглоомын 5-р сарын 16-ны шинэчлэлд Дарт Вейдерийг чат-бот хэлбэрээр оруулсан бөгөөд үүний ард Google Gemini AI болон ElevenLabs компани ажилласан байна. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн гэрээ, жүжигчдийн эрх зөрчигдсөн эсэх нь одоогоор шалгагдаж байна.
SAG-AFTRA-ын мэдэгдэлд:
“Бид жүжигчдийн өв, уран бүтээлийг хадгалах орчин үеийн шийдлүүдийг дэмждэг. Гэхдээ энэ бүхнийг хууль, гэрээ, эрх ашгийг хүндэтгэх замаар хэрэгжүүлэх ёстой” гэж онцолжээ.
Epic Games тайлбар хийгээгүй байна
Fortnite-ийн хөгжүүлэгч Epic Games болон түүний охин компани Llama Productions одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна. Гэвч энэхүү маргаан нь AI технологи, уран бүтээлчдийн эрхийн заагийг тодорхой болгох чухал асуудалд хүргэж байна.